Хууль бусаар алт олборлогчид олширчээ

2015 оны 09 сарын 02

Увс аймгийн Тариалан сумын нутаг, “Гэдэг” хэмээх газарт энэ оны зургаадугаар сарын сүүлчээс эхлэн бичил уурхай эрхлэгчид, нөхөрлөлүүд хууль бусаар голын гольдрол өөрчилж, алт олборлож эхэлжээ.

Тухайн үед нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож, техник хэрэгслийг нь лацдан, акт тогтоосон ч хууль бусаар алт олборлогчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Улсын байцаагчын лацыг хөндсөн, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан нөхөрлөл, иргэдийг албадан нүүлгүүлэх тухай албан тоотыг өнгөрсөн сарын 11-нд гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүргүүлээд байгаа аж.

Шалгалтын явцад алт олборлогчид Тариалан сумтай гэрээ байгуулж зөвшөөрөл авсан гэж байсан хэдий ч уг гэрээн дээр ашигт малтмал олборлох газрыг зааж өгөөгүй байжээ. Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг Тариалан сумын Засаг дарга С.Цолмонд хүргүүлсэн байна. Ашигт малтмалын газраас Тариалан суманд бичил уурхайн зориулалтаар ашиглагдах 35.1 га газрын дүгнэлт ирсэн хэдий ч алт олборлож буй тус газар үүнд багтаагүй аж. Алт олборлогчид лацыг хөндөн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тул Мэргэжлийн хяналтын газраас хууль бус алт олборлогчдын хөндсөн газрын хэмжээ, хохирлыг тодорхойлох, албадан нүүлгэх арга хэмжээ авахуулахаар холбогдох газруудад хандсан байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД