Хандив тусламжийн шугамаар улсад бүртгэлгүй эмийг хэрэглэж байжээ

2015 оны 09 сарын 02

Өнөөдөр сүм хийд, шашны далбаанд дор хүмүүнлэгийн байгууллагаас санхүүждэг, буяны гэх тодотголтой эм, эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад НМХГ-аас шалгалт хийсэн талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар НМХГ-ын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Г.Батнасангаас тодрууллаа.

-Эмнэлгийн байгууллагад шалгалт хийхэд 28 зөрчил илэрсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Манай байгууллагаас Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Грийн Хоум” эмнэлгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд эмийн чанар, баталгаажилт, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай холбоотой нийт 28 зөрчил илэрсэн. Тухайлбал, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, стандартын бус, хэрэглэх заавар нь ойлгомжгүй, чанарын баталгаагүй эм хэрэгслийг өвчтөнд хэрэглэж байсан нь тогтоогдсон. Мөн мансууруулах эмийн нэр болоод хэрэглэсэн аргыг өвчтөний түүхэнд бичиж баталгаажуулаагүйгээс гадна эмнэлгийн ажлын байр стандартын бус, мэргэшсэн ариутгагчгүй, халдвар судлагч их эмчгүй зэрэг зөрчлүүд илэрсэн юм.

-Зөрчил илэрсэн эмнэлгийн байгууллагад ямар арга хэмжээ авсан бэ?

-Тус эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, холбогдох хуулийн дагуу нэг сая 920 мянган төгрөгийн мөнгөн торгууль ногдуулан, 28 нэр төрлийн 24656 ширхэг эмийг хурааж, устгалын комисст хүлээлгэн өгсөн. Түүнчлэн “Грийн Хоум” эмнэлэг нь 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн 13 ортой, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй юм билээ. Тиймээс тэрхүү тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлээд байгаа.

-Илэрсэн зөрчлүүд иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй эм хэрэгслийг өвчтөнд хэрэглэвэл тухайн хүний мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай.

-Дээрх зөрчилтэй эмийг ямар шугамаар оруулж ирсэн юм бол?

-Өөрсдийнх нь мэдээлж буйгаар хандив тусламжийн шугамаар орж ирсэн гэсэн. Тэрнээс биш албан ёсны хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлгүй байсан.

-Энэ нь шашны байгууллагатай ямар холбоотой юм бэ?

-“Грийн Хоум” эмнэлэг нь БНСУ-ын нэгэн шашны байгууллагын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон. Иргэдэд хөнгөвчлөх тусламжийн үйлчилгээг үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм билээ.

-Тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэчнээн байгууллага байдаг вэ?

-Одоогийн байдлаар энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нийслэлд байрлалтай 10 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс бид ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдэд хяналт шалгалтыг хийх болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД