Хөгжлийн төлөөх хамтдаа хөгжих бодлого хүчтэй тавигдаж ирлээ

2015 оны 09 сарын 01

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байгаа билээ. Тус хурлын үеэр парламент хоорондын  хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийн дээд түвшний уулзалт бөгөөд бага хурлаар энх тайван, ардчилал, тогтвортой хөгжлийн асуудалд парламентын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Парламентын спикерүүдийн дэлхийн IV  бага хуралд оролцож буй парламентын тэргүүн нарт мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ "Дэлхийн олон орны парламентын спикерүүд хуран цугласан энэхүү бага хуралд үг хэлж байгаа нь нэр төрийн хэрэг мөн. 

Та бүхэн энх тайвны төлөө, ардчиллын төлөө, тогтвортой хөгжлийн гээд хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудыг парламентын түвшинд хэлэлцэж байгаад баяртай байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн өмнө цаг агаарын өөрчлөлтийн асуудал, ядуурал, зарим бүс нутгийн тайван бус байдал, ядуурлыг дагасан боловсрол, эрүүл мэнд, хүний эрхийн асуудлууд хурцаар тавигдаж байна. Эдгээр асуудалд анхаарч, дэлхий нийтэд энх тайван, тогтвортой хөгжлийг урт хугацаанд цогцлуулахад  парламентын дарга нар өөр өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна" хэмээсэн юм.

Мөн түүнчлэн БНХАУ-ын парламентын дарга Жан Дезян хэлэхдээ, 15 жилийн өмнө дэлхийн олон орны парламентын лидерүүд анх удаа НҮБ-ын төв байранд чуулан парламент хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж бэхжүүлэх, олон улсын эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр гаргахдаа ардчиллын зарчимд суурилах зэрэг олон асуудлыг хэлэлцэж байсан түүхтэй. 15 жилийн дараа харахад, дэлхий ертөнц ихээхэн өөрчлөгдөж, энх тайвны төлөөх, хөгжлийн төлөөх хамтдаа хөгжих бодлого хүчтэй тавигдаж ирлээ. Хүн төрөлхтний хөгжлийн төлөөх урт замд олон саад бэрхшээл тулгарсаар байна. Жишээлбэл, дэлхийн эдийн засгийн хүндрэл, улс үндэстэн хоорондын мөргөлдөөн болон аюулгүй байдлын асуудлуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэхүү бага хурлын “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” уриалга нь дэлхийн олон орны хүн бүрийн хүсэл эрмэлзэл мөн гэдэгт би итгэж байна хэмээн онцлон тэмдэглэжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД