Оюутнууд тангаргаа өргөлөө

2015 оны 09 сарын 01

Хичээлийн шинэ жил эхэлж, Монголын их, дээд сургуулиудын оюутнууд “Монгол Улсын ирээдүйн эзэн болсон оюутан би эрдэм мэдлэгт шамдан суралцаж, боловсролтой, авъяас чадвартай, ёс суртахуунтай, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй, эх оронч бие хүн болж төлөвшин, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд, ард түмэндээ тангараглая” хэмээн Чингисийн талбайд тангаргаа өргөлөө.

Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орны хөгжил дэвшил бол боловсролын тогтолцоо, түүний хүртээмжинд суурилсан хүний хөгжлөөс шалтгаалдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар  “Зөв монгол хүн” хөтөлбөрийн дор боловсролын салбарын шинэчлэлт, өөрчлөлт, хөгжил дэвшлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгааг онцлон хэллээ. 


Мөн түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлэхдээ “Үнэхээр аав ээж, анд нөхөд, эх орон, багш нарынхаа өмнө тангаргаа өргөж, энэ жилийн их хөдөлмөрийн гараагаа эхэлж буй та бүхэнд хамгийн сайн сайхан бүхний хүсч байна. Боловсрол олж авна гэдэг нь хүний нэг насны хөдөлмөрийн хамгийн чухал хэсэг байдаг. Тэгэхээр боловсрол болоод мэргэжлийг олж авч, түүнийгээ гартаа оруулж чадсан хүн насан туршдаа улам баяжуулж амьдардаг.

Та бүхэн хүссэн сургуульдаа элсэж, хүссэн мэргэжлээ сонгож авсан байгаа. Дээд боловсролын системд хийгдэж буй шинэчлэлүүдийн хамгийн чухал хэсэг нь “чаддаг” хүнийг гаргаж ирэхийн төлөө, хамгийн сайн мэргэжилтнийг бэлтгэж гаргахын төлөө юм. Тийм учраас та бүхэн хамгийн сайн эмч, инженер нь ямар хүн байдаг вэ гэдгийг судлаасай гэж хүсмээр байна. Хэрэв би цэргийн хүн болно гэж бодож байгаа бол хамгийн  сайн цэргийн мэргэжилтэн гэж ямар хүн байдаг вэ гэдгийг юуны өмнө таньж мэдээсэй гэж хүсч байна. Энэ долоо хоногт та бүхэн ямар хичээл судлахаа сонгож, судалсан хичээлээ тууштай судалж эхэлнэ. Эцэст нь хэлэхэд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, хичээл сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна” гэсэн юм.

Мөн энэ үеэр тангаргаа өргөж буй оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.

Алтанхуягийн Халиун: Би оюутны тангараг өргөх ёслолд анх удаа оролцож байна. Үнэхээр эмх цэгцтэй сайхан болж өнгөрлөө. Тэгээд жил бүр ийнхүү зохион байгуулж байгаасай гэж хүсч байна. Би Эко Ази байгаль орчин, менежментийн дээд сургуульд Газар зохион байгуулалтын мэргэжлээр суралцаж байгаа. Сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун явдаг.

Төмөрхуягийн Баярчимэг: Би Эко Ази байгаль орчин, менежментийн дээд сургуулийн төгсөх курсын оюутан. Мөн оюутны зөвлөлийн даргаар ажилладаг. Тэгээд дөрөв дэх жилдээ тангаргаа өргөхөөр дөнгөж нэгдүгээр курсэд элсэн суралцах гэж буй оюутнуудыг дагуулан ирсэн байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ жилийн тангараг өргөх ёслолын хувьд их өргөн хүрээг хамарч чадсан байна гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Өнгөрсөн жил Бөхийн өргөөнд хийж байсан ч олон хүнийг төдийлөн хамруулж чаддаггүй байсан гэж бодож байна.

Ариундаваагийн Одбилэг: Бид гуравдугаар курсэд элсэн суралцаж байгаа  ч анх удаагаа л тангараг өргөх ёслолд оролцож байна. Ийм зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй болдог гэж мэдээгүй. Ерөнхий сайдаас эхлээд салбарын сайд хүртэл ирж мэндчилгээ дэвшүүлж байгаа нь үнэхээр нэр төрийн хэрэг гэж бодож байна. Цаашид улам их хичээж, улс эх орондоо хэрэгтэй сайн мэргэжилтэн болох болно.

Чулуунзаяагийн Цэрэнчимэд: Би энэ жил Анагаахын их сургуульд элсэн суралцаж байна. Маш их баяртай байна. Багаасаа л эмч болно гэж мөрөөддөг байсан миний хувьд өнөөдөр анхны алхамаа хийсэн гэж бодож байгаа. Миний хувьд мэс заслын эмч болохоор сонгож суралцаж байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД