Энхтайваны гүүр орчмын замын хөдөлгөөний ачаалал 10 хувиар буурах боломжтой гэв

2015 оны 09 сарын 01

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлд хэрэгжүүлж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын автозамыг сүлжээг сайжруулах ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа нэг томоохон ажил бол Нарын замыг 19-р хорооллын арын замтай холбох 1.5 км автозам, 58 метр урт гүүр болон төмөр зам доогуурх нарны замтай холбогдсон 22 метр туннелийн хамт  барих ажил юм. Энэ нь он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү зам ашиглалтад орсноор Энхтайваны гүүр орчмын замын хөдөлгөөний ачаалал 10 гаруй хувиар буурах боломжтой болох хэмээн мэдээлэв.

Мөн түүнчлэн энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэл 5.0 км авто зам, Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 км авто зам, Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэл 6.75 км авто зам болон Шаргаморьтын 50 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа. Тус хэсгийн замуудад гэрэлтүүлэг, явган хүний зам болон дугуйн замыг хийж байгаагаас гадна ус зайлуулах шинэ төрлийн замын хашлага тавьж байгаа аж.

Харин Шаргаморьтын 50 метр урт төмөр бетон гүүрийг Энэтхэг технологиор барьж байгаа бөгөөд хүнд даацын машин зорчиход ямар ч аюулгүй байхаар хийж байгааг албаныхан онцлов. Одоогоор ажлын явц 70 гаруй хувьтай, энэ оны 10 сар гэхэд бүрэн дуусна гэж гүйцэтгэгч компаниуд хэлж байлаа. Гэхдээ зөвхөн суурин хучилт хийж хөдөлгөөнийг бүрэн нээж ,хавраас дахин хучилт хийх юм. Энэ нь тухайн замын насжилтыг уртасгаж, илүү чанартай болгодог байна.  Цаашид Улаанбаатар хотод зам барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд тухайн зам дээрээ өөрсдийн таних тэмдэг бүхий тамгыг дарж, замын чанар ажлын хариуцлагаа хүлээдэг болно гэдгийг энэ үеэр хотын дарга онцолж байлаа. Өөрөөр хэлбэл тухайн компанийн тэмдэг бүхий замд насжилтын хугацаанаасаа өмнө эвдрэл гэмтэл гарвал тухайн компани хариуцлага хүлээж замаа засна гэсэн үг юм. Энэ нь тухайн компанийг дахин тендерт оролцох гол шалгуур болох аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД