85.6 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулжээ

2015 оны 08 сарын 31

Аж үйлдвэрийн яамнаас анх удаа зохион байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдааны үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нийт 85.6 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулсан байна.

Тус үзэсгэлэн худалдааны үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Аж үйлдвэрийн яам анх удаа орон нутгийн нэрийн бүтээгдэхүүнийг нийслэлд тэр тусмаа төв талбайдаа борлуулах, сурталчлан, таниулах боломжийг олголоо. Иргэдийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн үзэл нэмэгдсэнийг өнгөрсөн гурван өдрийн борлуулалтын нийлбэр дүн илэрхийлнэ. Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын ялангуяа орон нутгаас ирсэн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үндсэндээ бүгд дууссан байна. Энэ бүхнээс харахад бидний өмнөө тавьсан зорилгын эхлэл зөв голдрилоор явж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Цаашид зөвхөн ЖДҮ эрхлэгчдийн төдийгүй хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ч томоохон үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйлдвэрүүдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулна” гэв.  

Үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН 88 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр оролцсон юм. Эдгээрээс шинжлэх ухаан, инновацийн үйлдвэрлэл бүхий “Монхимо” компани “Адуу” брэндийн кальциараа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ээр тодорч, Гран При шагналын эзэн боллоо. Мөн аймаг, дүүрэг тус бүрээс “Шилдэг нэрийн бүтээгдэхүүн”-ийг тодруулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД