Ахмад дайчид төрийн дээд одонгоор энгэрээ мялаалгав

2015 оны 08 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагналаа.

Сүхбаатарын одонгоор ХУД-ийн нэгдүгээр хорооны иргэн, ахмад дайчин Рэнцэнжавын Дамбадаржаа, ХУД-ийн нэгдүгээр хорооны иргэн, ахмад дайчин Амгалангийн Дорж, СБД-ийн долдугаар хорооны иргэн, ахмад дайчин Ундрахын Доржпалам, ХУД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Бинъяагийн Лааган,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЧД-ийн найм дугаар хорооны иргэн, ахмад дайчин Сангидоржийн Ванчигдоо, ХУД-ийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Хайдавын Галжав, СХД-ийн 27 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Доржийн Сэр-Од, СХД-ийн долдугаар хорооны иргэн, ахмад дайчин Гомбожавын Цэгмид,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БЗД-ийн 15 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Авидын Дуламжав, СХД-ийн 27 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Лувсанцэрэнгийн Халзан,

Цэргийн гавьяаны одонгоор БГД-ийн 20 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Цэрэнхандын Даш, СХД-ийн 3 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Бадамын Дорж, ХУД-ийн хоёрдугаар хорооны иргэн, ахмад дайчин Содномжавын Чимэддорж, БЗД-ийн долдугаар хорооны иргэн, ахмад дайчин Ядамсүрэнгийн Рагчаа, БЗД-ийн 10 дугаар хорооны иргэн, ахмад дайчин Цэрэндоржийн Осор, СХД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад дайчин Ишгэний Ламжав,

Алтан гадас одонгоор БЗД-ийн есдүгээр хорооны иргэн, ахмад дайчин Дэмчигийн Ишгомбо, БГД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн, ахмад дайчин Балжидын Маань, ЧД-ийн долдугаар хорооны иргэн, ахмад дайчин Лонжидын Туваан нарыг тус тус шагналаа.

Ингээд төрийн одон медалиар шагнуулсан ахмад дайчдын сэтгэгдлийг сонслоо.

Бэлтгэл хурандаа Амгалангийн Дорж: Энэ сайхан өдөр төрийнхөө удирдлагаас өндөр дээд шагналаар шагнуулсандаа үнэхээр их баяртай байна. Би 1924 онд Баянхонгор аймгийн Баянцагаан гол сумын нутагт төрсөн. Өдгөө 91 нас хүрч байна. Бас Монголын армид 42 жил алба хааснаас түүний дотор барилгын цэрэг гэдэг их айлд 37 жил алба хаасан. Энэ хугацаанд цэргээс хурандаа, байлдагчаас бага дарга, офицер, барилгын техникийн инженер, анги нэгтгэлийн захирагч зэрэг албан тушаалыг хашиж байсан. Энэ бол миний аз буян, армийн минь надад үзүүлсэн гавъяа гэж бодож явдаг. Ийнхүү армид он удаан жил ажиллаж байсны хүчинд өнөөдөр амьд сэрүүн, сайн сайхан амьдарч байна. Ингээд хамт ажиллаж байсан офицер, ахлагч, байлдагч, албан хаагч нартаа баярын мэнд дэвшүүлж байна.

Ахмад дайчин Цэрэнхандын Даш: Миний бие таван жилийн хугацаанд Байшинтын долдугаар дивиз, Өргөө гурван толгой гэдэг газар цэргийн алба хаасан. Энэ хугацааныхаа сүүлийн жилд тушаал аваад Монгол Улсын дархан хилийг ухаа хонгор морьтойгоо манаж байлдагчийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явлаа.  Үүний хүчинд өнөөдөр Ерөнхийлөгчөөс Цэргийн гавъяаны одонгоор шагнуулсандаа сэтгэл хангалуун байна.

Ахмад дайчин Лувсанцэрэнгийн Халзан: Би 1945 оны есдүгээр сар хүртэл зургаан жилийн хугацаанд Холбооны тусгай хороонд жолоочийн үүрэг гүйцэтгэж явсан. Үүнийг минь өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа. Сэтгэгдэл их өндөр байна. Би өнөөдөр ахмад дайчин хэмээн хүндлэгдэж, түмэн олон, төр засгийн хүчинд эрүүл саруул сайхан аж төрж байна.

Ахмад дайчин Авилийн Дуламжав: Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын мэндийг нийт ард түмэндээ хүргэж байна. Би өнөөдөр 93 насандаа энэ сайхан түүхэн ойн баяраар улсынхаа Ерөнхийлөгчөөс төрийн одон медалиар энгэрээ мялаалгуулсандаа маш их баяртай байна. Төр засаг маань 1945 оны чөлөөлөх дайнд тодорхой үүрэг гүйцэтгэж явсан биднийг марталгүй шагнаж урамшуулж байгаа явдал нь нэр төрийн хэрэг байлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД