Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч зах зээлд нийлүүлэх эрмэлзэлтэй гэв

2015 оны 08 сарын 31

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзалт хийв. Уулзалтын эхэнд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима хэлэхдээ "Хоёр орны парламентын бүлгүүд хоёр улсын харилцааны гүүр болон ажиллаж ирснийг дурдах хэрэгтэй. Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярыг өнгөрсөн долдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх үеэр манай улсыг төлөөлөн төлөөлөгч оролцсон. Хоёр орны хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцаанд бид өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэдэг" гэсэн юм.

Харин УИХ-ын дарга З.Энхболд Япон Улстай найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч хөрш” Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолсон юм. Мөн тэрээр хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан нь туйлын ач холбогдолтой бөгөөд харилцан бие биенээ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгаа ба цаашид хоёр орны хооронд байгуулагдсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт түшиглэн японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн хэлхээ холбоонд нэгдэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД