Сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байна

2015 оны 08 сарын 28

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн хэлснээр энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын  1225 цэцэрлэгт 218,100 хүүхэд хамрагдаж байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад хүүхдийн тоо 11,400-аар нэмэгдэж байгаа гэнэ.

Тодруулбал, ерөнхий боловсролын 799 сургуульд 539,818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64,364 хүүхэд элсэн суралцана.  Улсын хэмжээнд цэцэрлэгт 6,900 багш, ерөнхий боловсролын сургуульд 28,800 багш ажиллахаар гадна бага ангийн хүүхдүүд сурах бичгээр үнэ төлбөргүй хангагдах бол  ахлах,  дунд ангийн сурах бичгийн зах зээлд борлуулах дундаж үнэ 2600 төгрөг байна. Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид оёж, борлуудах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд үнийн хувьд харьцангуй тогтвортой байгаа гэж сайд хэллээ.

Төрийн болон төрийн бус өмчийн 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн оюутнууд хөтөлбөрт элсэж 2-3 дугаар курсээс мэргэжлээ сонгон суралцдаг тогтолцоонд бүрэн шилжинэ. Мэргэжил сонголтоос хөтөлбөр сонголтод шилжсэнээр оюутнуудад мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн болох боломж бүрдэх юм.

Энэ хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил хийгдэж байгаа бол концессийн гэрээгээр 40 цэцэрлэг, сургууль, БНХАУ-ын тусламжаар нэг цэцэрлэг, 21 сургууль, Япон улсын тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана.  Энэ онд улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 25 сургууль ашиглалтад орж сургуулийн хүчин чадал 12,338 хүүхдийн суудлаар, 47 цэцэрлэг ашиглалтад орж хүчин чадал 7,200 ороор нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 4448 хүүхдийн суудалтай найман сургууль, 1000 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад ороод байна. Ирэх сардаа багтааж сургууль цэцэрлэгийн 15 барилга ашиглалтад хүлээн авах аж.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД