Г.Билгүүн: Үндэсний бараа бүтээгдэхүүнийг гадагшаа экспортлох боломж нээгдэнэ

2015 оны 08 сарын 28

Аж Үйлдвэрийн сайдын 99 тоот тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд Монголд анх удаа  “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдаа  нээлтээ хийлээ.

Энэ сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн талбайд үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд нийт 80 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байгаа бөгөөд эдгээрээс  “Үндэсний брэнд”-ийг өргөмжилж, урамшуулна. Ингэхдээ тэргүүн байранд шалгарсан нэг ААН-д Гран при шагнал олгож, 27 шилдэг нэрийн бүтээгдэхүүнийг тодруулах аж. Энэ талаар  Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-“Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдааг Монголд анх удаа зохион байгуулж байна. Үүний зорилго юунд оршиж байна вэ?

-Энэхүү үзэсгэлэн худалдаа нь Аж үйлдвэрийн сайдын 99 дүгээр тоот тушаалаар батлагдсан. Энэ журмыг аймаг, дүүрэг бүрт хүргээд, салбар үзүүлэлтүүдийг хангасан аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа юм. Үүний зорилго нь жижиг, дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, борлуулах, бизнесийн харилцааг бий болгоход оршиж байна. Дээрээс нь шилдэг нэрийн бүтээгдэхүүнүүдийг шалгаруулж, тэдгээрийг олон улсын зах зээлд гаргахад нь Аж үйлдвэрийн яам дэмжиж ажиллах юм. Тийм учраас дотоодынхоо зах зээлд танигдаж, дотоодын хэрэгцээгээ хангаж чадах юм бол цаашид экспортод гаргах анхны гараагаа эхлүүлж байгаа хэрэг юм.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд татвар, НӨАТ-аас эхлээд хүндрэл бэрхшээл нэлээд тулгардаг. Үүнд Аж үйлдвэрийн яамнаас ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Саяхан үүнтэй холбоотойгоор хэд хэдэн бодлогыг баталсан. Үүний хүрээнд дотооддоо үйлдвэрлэж буй 12 төрлийн 100 гаруй бүтээгдэхүүнийг гаднын тендерт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид дотоодын тендерт оролцоход шаардлагатай бүх боломж нөхцөлөөр хангахад тусална. Үүнээс гадна гаалийн татварын хувьд ижил төстэй бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тодорхой хувиар нэмсэн. Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээг хангалттай хангаж чадвал гаднаас ижил төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг хэдэн ч хувиар нэмэх шийдвэр гаргасан байгаа. Дээрээс нь үйлдвэрлэлд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гааль болоод НӨАТ-ын татвараас чөлөөлж байна. Гадагшаа бараа бүтээгдэхүүнийг экспортлоход мөн адил НӨАТ-аас чөлөөлж байгаа гэдгийг хэлмээр байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.170.69.58 Зөвөө.Ноолуур мэт нь бол экспортоос овоо хэдэн ногооныг Буян Жагаа СүБатболд ах нарт оруулах болхоос олон 100 мянган жил хямд ажиллах хүчинтэй асар их туршлага хөрөнгөтэй эзлэх байр суурьтай болсон Хятад Иран Пакистан Энэтхэг Япон мэтийн улсуудтай өрсөлдөах нь байтугай завсар зайнд нь чорж чадахгүй.Алуулн