Хүнсний ногооны үнэ 19.9 хувиар өссөн байна

2015 оны 08 сарын 28

Монголбанкнаас гаргасан статистик судалгаагаар хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн сарын эцэст өмнөх сараас өөрчлөлтгүй, оны эхнээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн дүнтэй гарчээ. МөнУлаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.1 хувь, оны эхнээс 2.7 хувь, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар тус тус өслөө. Харин суурь инфляци сарын 0.1 хувь, оны эхнээс 0.6 хувь, жилийн 7.3 хувьтай байна.

Тухайлбал, тухайн сард махны үнэ 3.6 хувь, жимсний үнэ 2.9 хувиар буурч харин хүнсний ногооны үнэ 19.9 хувиар өссөнөөр хүнсний барааны бүлгийн үнэ 0.1 хувиар өссөн байна. Харин хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнэ 0.1 хувиар өссөн нь эм, эмнэлэгийн үйлчилгээний үнэ 1.2 хувь, бусад бараа, үйлчилгээний үнэ /хувь хүнд хандсан/ 1.8 хувь, цахилгааны үнэ 4.2 хувь, орон сууцны усны үнэ 19.5 хувь өссөнтэй холбоотой. Харин холбоо, шуудангийн үйлчилгээний үнэ 0.3 хувь, хатуу түлшний үнэ /мод, нүүрс/ 7.2 хувиар буурсан байна. Тухайн сард нийт хэрэглээний сагсыг бүрдүүлж буй 329 бараа үйлчилгээнээс 62 бараа үйлчилгээний үнэ нь өсч, 32 бараа үйлчилгээнийх буурсан байна.

Харин жилийн инфляцийн 20.3 хувийг хүнсний бараа, согтууруулах бус ундаа, 79.7 хувийг хүнснээс бусад барааны бүлгийн үнийн өсөлт бүрдүүлсэн байна. Орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 15.2 хувь (жилийн өсөлтийн 30.3 хувь), боловсрол 17.7 хувь (жилийн өсөлтийн 17.7 хувь), хувцас, бөс бараа, гутал 6.1 хувь (жилийн өсөлтийн 12.0 хувь), гэр ахуйн тавилга, бараа 9.1 хувь (жилийн өсөлтийн 4.5 хувь), согтууруулах ундаа, тамхи 5.2 хувь (жилийн өсөлтийн 3.7 хувь), амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 8.2 хувь (жилийн өсөлтийн 2.7 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 4.7 хувь (жилийн өсөлтийн 2.2 хувь), тээвэр 1.1 хувиар (жилийн өсөлтийн 1.8 хувь) тус тус өссөн байна. Харин холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлэг 0.7 хувиар буурчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД