Малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэхийг анхааруулав

2015 оны 08 сарын 27

Улсын онцгой комиссын хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

Мал аж ахуйн салбарт өнгөрсөн сарын дунд үеэс зуншлага сайжирч, нийт нутгийн 30 хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн, 60 хувьд дунд зэрэг байна. Хадлан бэлтгэлд хадуур, тармуур бүхий 5529 дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 4700 хаман боогч ажиллаж, өнөөдрийн байдлаар 49273.5 тонн өвс, 261.1 тонн гар тэжээл бэлтгэжээ. Гурилын үйлдвэрүүдэд шилжиж байгаа буудайнаас 58.0 тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл, 53.0 тонн тэжээл нийлүүлэхээр байгаа нь хивэгний экспортыг зогсоосон тохиолдолд малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзэж байна. Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн тэжээлийн ургамал  хураан авах төлөвтэй байна. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаан буудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77,1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 53.7 хувийг авахаар урьдчилсан төлөв гарчээ. 

Мөн малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, мал аж ахуйн тоног хэрэгслийг засварлах зэргээр өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах ажлыг аймаг, орон нутгийн хэмжээнд өргөн далайцтай зохион байгуулж, хамтран ажиллахыг даалгалаа.

Ургацын урьдчилсан балансаас харахад манай улсын дотооддоо үйлдвэрлэх гурилын хэрэгцээний 30 гаруй хувь нь дутагдах төлөвтэй байгаа тул хүн амын гурилын хангамж, хэрэгцээг тогтворжуулах зорилгоор   нөөцийг хангалттай бүрдүүлж, үнийг тогтвортой байлгах ажлыг зохион байгуулах болон  өвөлжих малын тоог цөөлөхөд анхаарч, махны нөөц, экспортыг нэмэгдүүлэх, малчдыг малаа даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад анхаарууллаа.

Малын тоо толгой их хэмжээгээр өссөнтэй холбогдуулан дотоодын хэрэглээнээс илүүдэж байгаа амьд мал, махыг  экспортлох асуудлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох хилийн боомтуудад зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Мэргэжлийн хяналтыг ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдэд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД