Боловсролын цөм хөтөлбөрийг ахмад багш нар дэмжиж байна

2015 оны 08 сарын 27

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чанарын шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа. 2013 онд бага боловсролын хөтөлбөрийг шинэчилж, үндэсний 40 сургуульд туршсан билээ. Энэхүү цөм хөтөлбөрийг ахмад багш нар дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэ талаар Монголын ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн А.Наранмандахаас цөөн асуултад хариулт авлаа.

-Боловсролын цөм хөтөлбөрийг Монголын ахмад багш нарын холбооноос дэмжиж буйгаа мэдэгдлээ. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог юу вэ?

-Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогыг 2015 оны нэгдүгээр сард баталсан. Энэ нь сургуулийн өмнөх, бага, дунд, суурь боловсролоос гадна бүх их, дээд сургуулиудад хамааралтай юм. Тэгэхээр энэ хичээлийн жил өмнөх жилүүдийнхээс улсын хэмжээнд оюутан, сурагч бүрийг хөгжүүлэх цөм хөтөлбөрийг боловсруулсан. Тиймээс энэхүү хөтөлбөрийг ахмад багш нар дэмжиж, залуу багш нарт дэмжихийг уриалж байгаа юм. Мөн төрөөс баримталж буй бодлогыг багш, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарт ойлгуулах, тэдний хандлагыг өөрчлөхөөр зорьж байна.

-Нийслэлийн боловсролын газраас цөм хөтөлбөрийг гурван үе шаттай хэмээн тодорхойлсон байсан. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-2013-2014 оны хичээлийн жилд энэхүү цөм хөтөлбөрийн туршилтын ажил явагдсан. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсролын түвшинд хот, хөдөөгийн 12 цэцэрлэгт туршиж үзсэн. Харин 2012-2013 оны хичээлийн жилд бага боловсролын хэмжээнд 40 сургууль дээр туршилт явуулсны үндсэн дээр хоёрдугаар үе шат болох нийт орон даяар хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Гуравдугаарт, хэрэгжилтийг ажиглаж, ямар сул болон давуу тал гарч ирж байна, хэрхэн цаашид сайжруулах вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг юм.

-Ерөнхий боловсролын системд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор санал гомдол нэлээд их ирдэг гэсэн. Нэгдүгээр ангид орж буй сурагчид үсэглэлийн баяраа эрт тэмдэглэдэг байсан бол тэр үед нь дөнгөж гурвалжин, дөрвөлжин тэмдэгтээ үзэж байна гэх эцэг эхчүүдийн шүүмжлэл их ирж байгаа байх?

-Нэгдүгээр ангийн сурагчдын дундаж нас зургаа. Энэ бол хүүхдүүдийн тоглонгоо суралцах үе юм. Тиймээс тэдэнд тоглож наадаж байгаад мэдлэгийг чадвар болгон өгөх ёстой. Хүүхэд бүрийн мэдээлэл хүлээж авах үе янз бүр байдаг. Зарим нь хурдан хүлээж авдаг байхад зарим нь огт хүлээж авахгүй байх жишээтэй. Тийм учраас нэгдүгээр ангийн сургалтын агуулга эцэг эхчүүдэд нэлээд сунжирсан мэт санагддаг байх. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэд хүүхдээ анзаарахгүйгээр маш хурдан заагаад ойлгуулах хүсэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд гэж хэн юм бэ, тэдний тархи хэр хурдан юмыг хүлээж авах чадалтай вэ гэдгийг тооцоолж үзэхгүй юм бол бид хүүхдэд насан туршийнх нь боловсролыг олгох суурийг нь тавьж өгч чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн өмнөх боловсролын тогтолцоо нь мэдлэгт суурилсан байсан учир хүүхэд төгссөнийхөө дараа тодорхой хэмжээний чадвар бүрэн суудаггүй байсан. Тиймээс хүүхдэд бүрэн чадвар суулгахын тулд энэхүү тогтолцоог бий болгосон юм. Үүнээс гадна олон улсын жишигт хүүхэд 12 жилийн боловсрол эзэмшсэнийхээ дараа их, дээд сургууль, коллежид элсэн орж суралцдаг.  Үүнд нийцүүлэх гэж өөрчилсөн болохоос биш хүүхдийг ачааллаар дараад байгаа зүйл огт байхгүй. Харин ч хүүхдэд хуримтлуулсан мэдлэгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ, яаж хэрэглээ болгох вэ, амьдралд хэрхэн чадвар болгон эзэмшүүлэх вэ гэдэгт нэлээд анхаарсан.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсаныг ахмад багшийн хувиар хэрхэн дүгнэж байна вэ?

-Би үүнийг цаг үеийн ажил гэж бодож байна. Өнөөдөр улс бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж чадахгүй байгаа учир эцэг эхчүүдийг аль болох ажиллах боломж нөхцөлөөр хангахын тулд түр зуур ийм үйлчилгээг авч хэрэгжүүлэх гэж байгаа гэж бодож байна. Үүнийг Хүн ам, нийгэм хөгжлийн яам хариуцан ажиллахаар болсон. Гэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран ойрын хугацаанд шийдэх байх. Хүүхдээ гэртээ цоожлоод үлдээхээс арай илүү дээр байгаа хэдий ч хүүхдийг хөгжүүлж чадахгүй. Учир нь тэнд мэргэжлийн бус, тодорхой хэмжээний сургалтад хамрагдсан хүмүүс ажиллана.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД