Шинээр 640 хүүхдийн сургууль барих ажлыг хасах санал оруулжээ

2015 оны 08 сарын 27

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталлаа. Энэ үеэр концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харъяа агентлаг, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг үндэслэж, зургаан төслийг нэмэхээр, мөн зургаан төслийг хасахаар санал оруулсан байна.  Мөн түүнчлэн нэмэх төслүүдэд Налайх дүүрэгт Захирагчийн ажлын албаны оффис үйлчилгээний барилга барих, Сүхбаатар дүүргийн 19-р хороо Салхитын амны 1.9 км хатуу хучилттай автозам барих, Шадивлан,  Яргайтын чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэл барих болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 60 ортой Ахмадын сувилал барих зэргийг тусгажээ.

Харин концесийн зүйлийн жагсаалтаас Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлх 3.4 км авто зам болон Баянзүрхийн 288 м төмөр бетон гүүр барих, Баянзүрхийн товчоо-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 17.5 км авто зам барих төслийг хасахаар оруулсан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн сарын 27-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад туссан ажил юм байна.

Түүнчлэн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Сэтгэмж сургуулийн барилгыг буулгаж шинээр 640 хүүхдийн сургууль барих, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургууль барих төслүүдийг хасахаар санал оруулсан байна.  Энэ нь Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас өгөх буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх ажлын жагсаалтад багтжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД