Дотоодын бүтээгдэхүүнийг Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх талаар хэлэлцэв

2015 оны 08 сарын 27

Монгол-Японы эдийн засгийн форум  Гадаад хэргийн яаманд болж өнгөрсөн. Энэ үеэр Монгол, Японы улс төрийн салбарын хамтын ажиллагаа, итгэлцэл маш өндөр түвшинд байгаа бөгөөд одоо эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх шаардлагатай болоод байгаа талаар төлөөлөгчид хэлж байсан юм. Иймд манай хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулсан нь маш чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн гол баримт бичиг, ололт амжилт болж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд КЭЙДАНРЭН байгууллагын манлайлал маш чухал үүрэгтэй гэж форумд оролцогчид онцлон тэмдэглэж байлаа.

Форумын үеэр Японы хөрөнгө оруулалт, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, дотоодын бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх талаар ярилцаж, Монгол, Японы хоорондын уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Японы технологийг өргөнөөр нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа монголын талын оролцогч нар илэрхийллээ.

Тэдний төлөөлөл болж энэ удаа Монгол-Японы эдийн засгийн форумд оролцохоор ирсэн 30 гаруй компаний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээ нь Сингапурын бүтэн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх бөгөөд Монгол Улсын 60 жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээнд байгаа нь эрх биш анхаарал татаж байна.

Монгол-Японы эдийн засгийн форумд Монгол Улсын Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож “Монгол Улсын Эрчим хүчний салбарын бодлого, хуулийн шинэчлэлт” сэдвээр мэдээлэл хийж, сонирхсон асуутад хариулт өглөө. Ардчилал, зах зээлд шилжиж эхэлж байсан хүнд хэцүү цаг үед хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж, ДЦС-4-ийн техник, технологийг шинэчлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэрээр онцлон тэмдэглээд Монгол Улсын Эрчим хүчний салбарын хөгжлийг урагшлуулахад түлхэц болох томоохон төсөл хөтөлбөрүүдэд идэвхитэй оролцож, хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Дашрамд дурдахад Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Япон улс эхний аравт ч багтахгүй байгаа бөгөөд энэ удаагийн форум үүнийг урагш хөдөлгөхөд томоохон түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа монголын талын оролцогчид илэрхийлж байлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД