Манай улсын энхийг сахиулагчидтай уулзжээ

2015 оны 08 сарын 27

БНӨСУ-д НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүн дээр БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний командлагчийн орлогч,  хошууч генерал Ян Чао Инг, Хойд секторын командлагч бригадын генерал Д.Баярсайхан тэргүүтэй албаны төлөөлөгчид Юнити мужийн Бентью хотноо айлчилж, тус мужид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа хэрхэн хэрэгжиж буйтай танилцсан байна. Хошууч генерал Ян Чао Инг тус муж дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны удирдлага, Монгол болон Гана улсын цэргийн багийн удирдлагуудтай тус тус уулзаж, хоёр улсын батальоны үйл ажиллагаатай танилцжээ.  Мөн орон гэрээсээ дайжсан иргэдийн байрлалтай танилцаж, харуулын цэгүүдээр зочилон, зарим энхийг сахиулагчидтай уулзан тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон байна.

Хошууч генерал Ян Чао Инг айлчлалын үеэр “Монгол цэргүүдийн мэргэжлийн ур чадварыг НҮБ өндрөөр үнэлдэгийг мэднэ. Миний хувьд ч гэсэн монгол цэргүүдтэй уулзаад сэтгэл хангалуун байна. Танай улсын V ээлжийн цэргийн баг үүргээ хүлээж аваад удаагүй хэдий ч үйл ажиллагаа нь маш сайн жигдрэснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээн тэмдэглэн хэлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД