Япон улс эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсаар ирсэн

2015 оны 08 сарын 26

Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчид энэ сарын 25-наас 26-ны  өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Энэ өдөр Монгол-Японы эдийн засгийн форум зохион байгуулж, төлөөлөгчдөд зориулж Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал болон хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригтоос цөөн асуултад хариулт авлаа.

-Эрчим хүчний салбарт Япон улстай ямар харилцаатай байдаг вэ?

-Манай улсын эрчим хүчний салбарт өнгөрсөн 25 жилд Япон улс хамгийн их дэмжлэг, техникийн туслалцааг үзүүлж ирсэн. Тиймээс Япон улсын Засгийн газарт эрчим хүчний салбарынхан маш их талархаж явдаг. Салбарын хамгийн том станц болох IV станцын том шинэчлэлийн ажлуудыг Японы хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байсан. Мөн Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчийг хангадаг Багануурын нүүрсний уурхай болон Шивээ-Овоон нүүрсний уурхайн шинэчлэлүүд мөн адил Япон улсын зээлийн хөрөнгөөр хийгдсэн. Одоо ч эдгээр төслүүд үргэлжилж, эрчим хүчний салбарт төрөл бүрээр хэрэгжиж байгаа. Харин өнөөдрийн байдлаар зээл тусламж гэхээс илүүтэйгээр харилцан ашигтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны түвшинг сайжруулахаар хэлэлцэж байна. Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүдээс V цахилгаан станц, Тавантолгойн станцууд, нар салхины эрчим хүчний эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд Японы гүйцэтгэгч компаниуд туслан гүйцэтгэгчээр оролцож, яриа хэлэлцээр хийж байна. Тэдгээрийн зарим нь баригдаад ашиглалтад орсон байдалтай байгааг хэлэхэд таатай байна. Өөрөөр хэлбэл, манай хоёр улсын хамтын ажиллагаа эрчим хүчний салбарт ихээхэн боломжийг бий болгож байна хэмээн харж байна.

-Тавантолгой болоод V цахилгаан станцуудын төслийг хэрэгжүүлэхэд концессийн гэрээ байгуулах уу?

-V цахилгаан станцын хувьд концессын гэрээ байгуулж, бариад, ашиглалтад оруулаад, 25 жил ажиллуулаад хүлээлгэж өгөх ёстой. Харин Тавантолгойн станц бол бие даасан, өөрөө эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, хувийн хөрөнгө оруулалттай станц юм. Өөрөөр хэлбэл, өөрөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, борлуулаад явдаг хувийн станц гэж хэлж болно.

-Цаашид эдийн засгийн форумын хүрээнд Япон улстай хэрхэн хамтарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Энэхүү боломжийг ашиглаад Японы талд эрчим хүчний салбарт ажиллах хэтийн боломжийн талаар танилцуулга хийнэ хэмээн төлөвлөж байгаа. Манай улс эрчим хүчний асар их нөөц баялагтай. Мөн дэлхийн хамгийн их эрчим хүч хэрэглэдэг улстай хиллэж байгаа. Тиймээс эрчим хүчний хамтын ажиллагаанд Японы шилдэг техник технологиос гадна шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа талаар танилцуулна.

Дашрамд дурдахад, Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо(Кэйданрэн) нь дэлхийд танигдсан японы 1329 компани, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төрөлжсөн 109 холбоо, орон нутгийн эдийн засгийн 47 холбоодыг эгнээндээ нэгтгэсэн Японы эдийн засгийн 3 том холбооны нэг юм. Тус холбоо нь Японы  үндэсний хэмжээний компани, аж ахуйн нэгжийг дэмжих, японы эдийн засгийн хөгжил, хүн ардын аж амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагдсан. Худалдааг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих,бизнес орчныг сайжруулахад орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудтай хамтран ажиллах, хувийн хэвшлүүдийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих,эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулж ирсэн нэр хүндтэй байгууллага юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД