Шинэ онгоцны буудал барих ажил ирэх оны 12 дугаар сард дуусна

2015 оны 08 сарын 26

Улаанбаатар хотын ойролцоо Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийг Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд 2006 оны гуравдугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийх үедээ анх тус улсын Засгийн газарт санал болгосон билээ. Харин уг төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар 2006 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Япон Улсын Засгийн газарт тавьсан байна. 

Хөшигийн хөндийн буудал нь хоёр талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тооцоололттойгоор байгуулагдаж байна. Буудлыг цаашдаа олон сая зорчигчдод үйлчлэх зориулалттайгаар тооцоолж эхний барилга байгууламжуудыг анхны зохион байгуулалтаар байгуулж байна. Энэ талаар “Чиёода” корпорацийн ахлах зөвлөх Такаши Куботогоос тодрууллаа.

-Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Онгоцны буудал барих ажил 45 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Ялангуяа онгоцын буух талбайн ажил бүрэн дууссан гэж хэлж болно. Мөн зарим дээврийн барилгын ажил дууссан. Тэгээд энэхүү ажил нь ирэх оны сүүлээр буюу 2016 оны 12 дугаар сард бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа.

-Мэдээжийн хэрэг олон улсын жишигт нийцсэн стандартаар барьж байгаа байх?

-Онгоцны буудлын олон улсын стандарт гэж бий. Тэр жишигт нийцүүлэн барьж байна.

-Нэг удаадаа хэчнээн онгоцыг хүлээн авах хүчин чадалтай вэ?

-Ерөнхий төлөвлөгөөгөөр өдөрт 200 онгоц нислэг хийх боломжтой байгаа. Гэхдээ цаашдаа илүү өргөжүүлэхээр ажиллаж байна.

-Хөшигтийн хөндийн онгоцны буудлын ажлын хүрээнд дагалдах ямар дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа вэ?

-Хамгийн ихээр тулгамдаж буй дэд бүтцийн асуудал нь өндөр хурдны зам шаардлагатай болоод байгаа болохоор юуны өмнө энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД