Нэг литр шатахуун тутамд 520-540 төгрөгийн татвар авч байна

2015 оны 08 сарын 26

Уул уурхайн яамнаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хурлын үеэр салбарын сайд болоод бусад удирдах албан тушаалтнууд олон нийтийн анхаарлын төв буй зарим асуудлаар мэдээлэл хийснээс гадна уул уурхайн салбарын статистик үзүүлэлтүүдийг мэдээлсэн юм. Тодруулбал, энэ оны эхний долоон сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 24.4 тэрбум төгрөг улсын төсөв төвлөрүүлсэн бөгөөд үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 19.2 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.1 тэрбум төгрөг, бусад орлого 4.1 тэрбум төгрөгийг эзэлж байгаа аж. Харин Газрын тосны газар нийт 102.7 тэрбум төгрөг төвлөрүүлснээс газрын тосны орлого 101.3 тэрбум төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг байгаа бол Уул уурхайн сайдын багцын орлого нийт 127.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Мөн түүнчлэн тайлант хугацаанд 13.0 сая тонн нүүрс, 5.2 тонн алт, 665 мянган тонн газрын тос олборлоод байгаа бол 128.7 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 681.9 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 53.8 мянган тонн цайрын баяжмалыг тус тус үйлдвэрлээд байгаа аж. Түүнчлэн энэ үеэр салбарын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Ашигт малтмалын газрын дарга М.Үүрийнтуяа

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгож эхлэхдээ нийт газар нутгийн 19 хувьд олгоно гэж төлөвлөж байсан. Тэгвэл одоогийн байдлаар хэдэн хувьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа вэ?

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоож өгсөн газрын дагуу олгох ажил явагдаж байна. 11.9 сая га талбай буюу 19 хувь нь баруун, зүүн талбайд тэнцүү хуваарилагдсан байгаа. Өнөөдрийн байдлаар 104 дүгээр градусаас баруун хагаст 7.0 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн аваад 500 гаруй тусгай зөвшөөрлийг олгосон байгаа. Мөн Ашигт малтмалын газар дээр бүртгэлтэй байгаа 3000 гаруй тусгай зөвшөөрөл байгаагаас 1400 нь ашиглалтын, 1600 нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн байна.

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн

-Энэ сард Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом буурч байгаа хэдий ч Монголд яагаад буурахгүй байгаа юм бэ?

-Өмнөх жилийн наймдугаар сарын сүүлээс Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэд огцом өөрчлөлтүүд гарсан. Өнгөрсөн нэгдүгээр сар хүртэл огцом буурч нэг браллион 50 ам.долларын дотор орж ирсэн. Энэ сард мөн адил буурсан ч явцын дунд өссөн үзэгдэл ч гарсан. Өнгөрсөн 6-7 сард Монгол Улсын хэмжээнд алдагдал үүссэн. Харин энэхүү алдагдлыг шатахууны компаниуд нуруун дээрээ үүрсэн. Үүнд бидний зүгээс нэг литр тутамд 520-540 төгрөгийн татвар авч, энэ жил онцгой албан татвараар улсын төсөвт 248 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Өмнө нь бид Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өндөр байхад гаалийн татварыг нэг хүртэлх хувьд буулгаж байсан. Өөрөөр хэлбэл, иргэд татваргүй бүтээгдэхүүн хэрэглэж байсан хэрэг. Харин одоо газрын тосны үнэ буурсан таатай нөхцөл байдлыг ашиглан улсад төвлөрүүлэх ёстой бүх татварыг авахаар зорьж байгаа. Энэ сард нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсан ч үүний нөлөө ирэх 9-10 дугаар сард орж ирнэ. Олон улсад нефтийн үнэ тогтворгүй байгаа учир бид ард иргэддээ огцом цочрол өгөхгүйгээр дундажийг баримталж ажиллаж байгаа юм.

Уул уурхайн сайд Р.Жигжид

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Одоогийн байдлаар аль түвшинд байгаа вэ?

-“Эрдэнэс Монгол” ХХК Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ бол Монгол Улсад асар их хөрөнгө оруулалт төсөл мөн. Тиймээс Олон улс хэрхэн шийдэгдэх тал дээр чих тавин суугаа. Төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар валютын ханш өөрчлөгдөж, Олон улсын хандлага эерэгээр эргэж байсныг мэдэх байх. Хөрөнгө оруулалтын хувьд шууд тоо баримт хэлэхэд арай эрт байгаа. Энэ оны хувьд 350 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Харин ирэх жил 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх жишээний.

-Энэ онд нүүрсний салбараас улсын төсөвт хэчнээн төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-2015 оны эхний долоон сарын байдлаар өссөн дүнгээрээ нүүрс биет хэмжээгээрээ 12.3 сая тонн, гүйцэтгэл нь 13 сая тонн буюу биелэлт нь 105.6 хувьтай, улсын төсөвт нийтдээ 77.4 тэрбум төгрөг оруулах ёстойгоос 72.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 93.8 хувьтай байгаа юм. Жилдээ 21.1 сая тонн нүүрсийг үйлдвэрлэх зорилттой бөгөөд 61.6 хувийг үйлдвэрлээд байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД