Ойн хээрийн түймрийг унтраахад 362.5 сая төгрөг зарцуулжээ

2015 оны 08 сарын 26

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 16 аймгийн 105 суманд 277 удаагийн ой, хээрийн түймэр гарсан.

Түймрийг унтраахад Онцгой байдлын албанаас давхардсан тоогоор 4498 албан хаагч, 438 автомашин, Хилийн цэргээс 723 албан хаагч, 45 автомашин, Зэвсэгт хүчнээс 730 албан хаагч, 43 автомашин, Цагдаагийн байгууллагаас 75 албан хаагч, таван автомашин, Орон нутгаас 12289 иргэн, 1384 автомашин, 411 мотоцикль, нийт 18315 хүн, 1915 автомашин, 411 мотоцикль тус тус дайчлагдан ажилласан байна.

ОХУ-аас МУ-ын хил давж 10 удаа, БНХАУ-аас Монгол улсын хил давж хоёр удаа нийт 12 удаа хээрийн түймэр орж ирсэн. Монгол Улсаас ОХУ-ын хил давж хоёр удаа, МУ-аас БНХАУ-ын улсын хил давж дөрвөн удаа нийт зургаан удаа хээрийн түймэр гарсан.

Түймрийн улмаас 12.200,95 га ой, 5.742.052,91 га хээр нийт 5.754.253,86 га ой, хээрийн талбай шатсан.

Түймэр урьдчилсан байдлаар есөн хүн түлэгдэж гэмтэн, 22 машин техник, 67 гэр, 151 хашаа саравч, 7910 толгой мал, 3120 боодол өвс өртөж шатсан байна.

Байгаль экологид 20.1 тэрбум, эд материалд 1.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 362.5 сая төгрөг зарцуулсан.

Мөн түүнчлэн энэ сарын 21-нд Увс аймгийн Хяргас, Цагаанхайрхан суманд Хяргас сумын Баянхайрхан багийн “Хүнхээ” гэдэг газар гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 140 иргэн, нийт 150 хүн ажиллаж цурманд оруулсан байна.

Мөн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Цагаан чулуут” гэдэг газар энэ сарын 23-нд түймэр гарч  орон нутгийн 40 иргэн ажиллаж түймрийг цурамд оруулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД