Жааз хөгжмийг Монголд нутагшуулна

2015 оны 08 сарын 25

Олон үндэстний хөгжмийн хөг хэмнэлийг арлын шашин зан үйлийн хөгжимтэй хослуулан төгөлдөр хуур болон саксафон зэрэг хөгжмийн нийлмэлээр найруулж, латин элементэд суурилсан хөгжим бол жааз юм. XX зууны эхээр буюу 1910-аад оны үед Нью-Орлеаны хар арьстнуудын дунд анх үүссэн жааз хөгжим эдүгээ дэлхийн хөгжим хэмээгдэж байна. Өөрөөр хэлбэл, Африк боолуудын цаг наргүй боолын хөдөлмөрт хүчээр зүтгэж төрсөн газар орон, хагацаж салах гэр бүлээ санах сэтгэлээ гунигт дуу хуур, бүжгээр тайлж байсан нь жааз хөгжмийн эхлэлийг тавьсан байдаг. Манайд жааз хөгжмийн урсгал 1940-өөд онд циркийн урлагаар дамжин нэвтэрч, 1960-аад оноос нийтийн бүжгийн, концертын зэрэг олон хэлбэрээр хөгжиж байсан гэдэг. Тиймээс өнөөдөр манайд жааз хөгжмөөр суралцахыг хүссэн олон хүн байдаг хэдий ч мэргэжлийн анги танхим байдаггүй байна.

Харин Хөгжим бүжгийн коллеж БНГУ-ын Гёте институттай хамтран тус сургуульд Жааз хөгжмийн анги нээсэн бөгөөд энэ хичээлийн жилд хоёр дахь элсэлтээ авч байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Герман улсын Гёте институтээс жааз хөгжмийн ангид хэрэгцээтэй хөгжмийн хэрэгслийг өчигдөр бэлэглэлээ. Энэ талаар тус коллежийн захирал Г.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Жааз хөгжмийн ангид хоёр дахь удаагаа элсэлтээ авч байгаа гэсэн. Энэ жил хэдэн хүүхдийг элсүүлэн суралцуулах вэ?

-Өнгөрсөн жилээс Гёте институттай хамтран GMUB жааз төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь жааз хөгжмийг нутагшуулах болоод Монголын нийгэм дэх жааз хөгжмийн сэтгэлгээг өөрчилж, сурталчлах зорилготой юм. Өнгөрсөн жил эхний ээлжинд 10 хүүхдийг суралцуулна гэсэн боловч 50 гаруй хүн бүртгүүлсэн учраас 30 хүн сонгон авч суралцуулсан. Тэдэнд Франц, Герман, Голландын алдартай багш нар хичээл зааж, энэ төсөл амжилттай хэрэгжсэн. Тиймээс энэ жил үргэлжлүүлж буй. Суралцаж байсан хүүхдүүд ч маш идэвхтэй оролцож хичээлээ нэг ч цаг таслаагүй болохоор бид дахин хүсэлт тавьсан юм. Энэ бол асар том  боломж юм. Энэ жил дахин 12 хүүхэд элсүүлсэн. Хөгжим, тоног хэрэгслийг Герман улсын Гёте институтаас бэлдэж өгч байгаа.

-Хэдэн настай хүмүүсийг сургадаг вэ?

-Тодорхой нас заагаагүй боловч сургууль төгссөн, боловсролтой, хөгжмийн тодорхой мэдлэгтэй 20-30 насны залуусыг элсүүлж байгаа. Жааз хөгжмийг дуртай бүхэн нь сураад байхгүй шүү дээ.

 Мөн Герман улсаас бидэнд 25 мянган еврогийн хөгжим, тоног төхөөрөмж өгч байна. Бид зөвхөн энд ая тухтай хичээллэх боломжийг нь бүрдүүлж өгч байгаа юм.

Түүнчлэн төслийн удирдагч, Герман улсын жааз хөгжмийн багш Мартин Зенкер “Энэхүү төсөл нь хоёр ангилалтай. Бид хоёр дахь жилдээ жааз хөгжмийн ангийг хичээллүүлж байна. Монгол залуус өнгөрсөн жил их мэрийлттэй сайн суралцсан учир бид дахин хамтарч ажиллахаар болсон. Монголд жааз хөгжмийн мэргэжлийн анги танхим байгаагүй учраас анхны жил бага зэрэг бэрхшээлтэй тулгарч байсан. Харин энэ жил бид туршлагажиж, сургалтаа илүү чанартай болгохоор зорьж байгаа.

Бид энэ төслийг цаашид ч үргэлжлүүлэх болно. Тиймээс сайн боловсон хүчин бэлтгэх нь чухал. Хөгжим бүжгийн коллежоос туслалцаа үзүүлж, хамтдаа хичээж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД