Хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олгох сервер доголджээ

2015 оны 08 сарын 24

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийжээ. Тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олголт өнөөдөр буюу энэ сарын 24-ний 09.00 цагт эхэлж, эхний 51 аж ахуй нэгжийн дугаарыг олгосон боловч 09:02:31 цагт login серверээс хариу өгөхгүй болж, систем 34 минутын хугацаанд доголдсон байна. Асуудлыг тодруулахын тулд Ашигт малтмалын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг нэн даруй хуралдуулсан бөгөөд цахим дугаар олголтын асуудлаар IERP Consulting компанийн захирал Ц.Бадраа мэдээлэл хийсэн. Уг мэдээллээс үзэхэд:

  1. 09:00:00 цагт системийн үйл ажиллагаа хэвийн эхэлсэн ба бүх серверүүд хэвийн жигд ажиллаж байсан.
  2. 09:02:31 цагт login сервер хариу өгөхгүй болсон. Тухайн агшинд өргөдөл хүлээн авах веб сервер, login серверээс хариу хүлээж байв.
  3. 09:36:21 цагт login сервер эргэж сэргэсэн.

Энэ асуудал нь login серверийн ачаалал тооцоолсноос хэт ихэссэнээс болж доголдсон гэж ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнэж байна.

Иймд уг алдааг бүрэн тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай өргөтгөл, тохиргоог гүйцэтгэж, энэ сарын 31-ний өдөр дахин өргөдлийн дугаар олгож эхлэхэд бэлэн болгохоор ажиллаж байна.

Баазад хадгалагдсан өгөгдлүүдийг тэр даруй нууцалж, аж ахуй нэгжүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан. Өнөөдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдийн системд хандах эрхийг нэг долоо хоногоор сунгасан аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД