Хүүхдээ цэцэрлэгт өгнө гэдэг их сургуульд оруулахаас ч хэцүү болжээ

2015 оны 08 сарын 24

Хүүхдээ цэцэрлэгт өгнө гэдэг их сургуульд оруулахаас ч хэцүү болжээ хэмээн ярих эцэг эхчүүдийг буруутгах аргагүй. Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхээр эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд хонон өнжин дугаарлан зогсдог жишиг хэдэн жилийн өмнөөс л тогтсон. Тэгвэл энэ жил ч мөн адил үргэлжилсээр байна. Зогсоо зайгүй ажилладаг эцэг эхчүүдээс гадна асран хамгаалагч багатай өрхүүд гээд хүн бүр л хүүхдээ цэцэрлэгт явуулахыг хүсэх нь мэдээжийн хэрэг. Үүнийгээ дагаад цэцэрлэгүүдийн хүчин чадал нэмэгдсээр 20 хүүхэд элсүүлэх багтаамжтай ангид 30-40 хүүхэд элсүүлж байгаа нь цэцэрлэгүүд хүчин чадлынхаа эцсийн хязгаарт хүрсэнийг харуулж буй мэт. Гэсэн ч үүний цаана цэцэрлэгт хамрагдаж чадалгүй хоцорсон олон хүүхэд гэртээ суун үлдэхээс өөр аргагүйд хүрдэг. Эсвэл зарим нь 24 цагийн цэцэрлэгт өгөхийг хүсэх нь ч бий. Хэдий тийм ч 24 цагийн цэцэрлэгийн тоо бас л хязгаартай. Гэхдээ үүнийгээ дагаад эрэлт хэрэгцээ ч их байдгийг яалтай.

Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар 24-28-ны хооронд явуулах шийдвэрийг Нийслэлийн боловсролын газраас гаргасан ч хэд хоногийн өмнөөс зарим эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр дугаарлаж эхэлсэн байна. Учир нь энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, төрийн өмчийн бус 399, нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байсан. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 116570 хүүхэд байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлт нь хамрагдалтын хувийн өсөлттэй шууд хамааралтай аж. Тиймээс нийслэлд нийт 152 хороо байгаагаас 33 нь буюу 21.7 хувь нь цэцэрлэггүй байгаа юм байна. Энэ нь голдуу нийслэлийн захын хороолол, дүүрэгт тохиолддог ба цэцэрлэгийн тоо ч хомс байдагтай холбоотой аж. Энэ талаар цэцэрлэгийн удирдлагууд хэлэхдээ “Цэцэрлэгийн хүрэлцээ жил бүр хомс байдаг. Хэчнээн хүчин чадлыг нэмэгдүүлж, хэд хэдэн анги, бүлэг нэмж гаргадаг ч тэр бүрт ангийн даац эцэстээ тулдаг. Нэг ангид 20 хүүхэдтэй харилцах ёстой багш, сурган хүмүүжүүлэгч 40 хүүхэдтэй харьцах хэрэгтэй болдог” гэх тайлбарыг өгч байсан юм. Тэгэхээр багш хүүхэд бүртэй тулж харьцаж чадахгүй гэсэн үг. Ялангуяа сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол хүүхдийн суурь хүмүүжилд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл шүү дээ.

Ер нь цэцэрлэгүүд өмнөх жил нь харъяаллынхаа цэцэрлэгт явж байсан хүүхдийг шинээр элсэж байгаа хүүхдээс илүүд үзэх нь тогтсон жишиг гэлтэй. Үүнийг ч эцэг эхчүүд хэлдэг. Гэхдээ энэ жил сургуулийн өмнөх насны буюу таван насны хүүхдүүдийг түлхүү авах бодлогыг Нийслэлийн боловсролын газраас хэрэгжүүлж буй. Мөн түүнчлэн насаараа хоёр нас хүрээгүй ч оноороо аль хэдийн хүрсэн хүүхдийг бүртгэж авч байгааг зарим эцэг эхчүүд сайшааж байгаа ч зарим нь дахиад л хүрэлцээ багасч цэцэрлэгт бүртгүүлж чадаагүй олон хүүхэд үлдэх вий гэхээс эмээж байгаагаа ч хэлж байсан юм. Харин энэ талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлэхдээ “Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хүчин чадлыг хоёр дахин нэмж байгаа. 20 гаруй хүүхэд хичээллүүлэх боломжтой ангид 30-40 хүүхдийг элсүүлж байгаа. Тиймээс цэцэрлэгүүдийн хүчин чадлыг дээд цэгт нь хүртэл ажиллуулахад цаана нь бүртгүүлж чадаагүй олон хүүхэд үлддэг. Үүнийг шийдэх ямар ч арга байхгүй.

Харин ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлснээр бүртгүүлж чадаагүй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой гэж үзэж байна. Мөн Нийслэлийн боловсролын газраас сургуулийн өмнөх насны буюу таван насны хүүхдүүдийг хувилбарт сургалт болон бусад үйл ажиллагаанд хамруулдаг. Өөрөөр хэлбэл, таван насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг гэж ойлгож болно” хэмээн хэлж байсан юм. Харин энэ талаарх эцэг эхчүүдийн байр суурийг сонссон юм. Эдгээр эцэг эхчүүд энэ сарын 23-ний шилжих шөнө цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарлаж байсан юм.

Б.Цацрал: Майхан бариад хонох нь холгүй юм болдог доо

Би түрүү жил хүүхдээ 100 дугаар цэцэрлэгт өгч байсан. Тухайн үедээ ч бас 2-3 хонож байж бүртгүүлж байсан юм. Бараг л майхан бариад хонох нь холгүй юм болдог. Дугаараас болоод заримдаа бүр зодоон болох шахдаг шүү. Тэглээ гээд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхгүй байлтай биш. Жил бүр л дайн болох шахаж байж хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж, зарим нэг нь бүртгүүлж чадахгүй хэндээ харуулнаа гэсэн эцэг эхчүүд олон байдаг. Улсаас жил бүр хэдэн тэрбум төгрөгийг хэрэггүй, үр ашиггүй зүйлд зарцуулж, түүнийхээ үр өгөөжийг магтаад суудаг. Гэтэл хамгийн хэрэгтэй, улс эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүддээ хөрөнгө зарцуулахгүй юм. Өмнөх жил нь хүүхдээ явуулчихсан болохоор энэ жил бүртгүүлж чадах байх гэж бодоод л сууж байна. Энд бүр 20-ноос эхлээд дугаарлаж зогссон гэх хүн ч байна. Жил бүр л системтэй, эмх цэгцтэй болж байна гээд яриад л байх юм. Тэр нь даанч нүдэнд үзэгдэхгүй юм даа. Уг нь ч нэг бүртгүүлчих юм бол бүтэн жил санаа амар ажил төрлөө хийж болох юмсан.

Н.Сэлэнгэ: Хүүхдээ бүртгүүлж чадахгүй бол хөдөө явуулахаас өөр аргагүй

Манай хүүхэд энэ жил гурав хүрч байгаа. Өмнө нь огт цэцэрлэгт явуулж байгаагүй. Ээж аав хоёр минь хотод байдаг байсан болохоор хүүхдийг минь харж асардаг байсан. Гэхдээ одоо хөдөө нутаг руугаа явсан болохоор хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Хэрэв бүртгүүлж чадахгүй бол хөдөө явуулахаас өөр аргагүй. Яагаад гэвэл нөхөр бид хоёр ажил ихтэй, өглөө 8-9 цагийн үед гараад л орой 18.00 цагт тардаг. Энэ хооронд хүүхдээ хэнээр асруулах болж байна вэ. Өмнөх жил хүүхдээ бүртгүүлэх гэсэн ч бүртгүүлж чадаагүй. Бага зэрэг орой дугаарласан чинь бүртгэлийн тоо дууссан гээд халгаагаагүй. Тийм болохоор нөхөр бид хоёр элсэлт эхлэхээс нэг хоногийн өмнө ирээд зогссон доо. Одоо хэдэн цагаар ээлжлээд л зогсож байна.

Б.Саниха: Хүүхдүүдийнхээ сурч хүмүүжих боломжийг бүрдүүлэх ёстой

Бид өнөөдөр үр хүүхдийнхээ төлөө явж байгаа болохоор л хонон өнжин дугаарлаж байгааг төр засгийн удирдлагууд ойлгох хэрэгтэй.  Баянзүрх дүүргийн 82 дугаар цэцэрлэгт бүртгэх хүүхдийн тоо тодорхойгүй байна. Хоёр настай 50 хүүхэд шинээр бүртгэнэ гэнэ. 3-4 настай хүүхдүүдийг бүртгэхгүй. Хэд хоногийн хугацаанд 200 гаруй эцэг эхчүүд дугаарлаж зогслоо. Өдөрт зургаан цагийн зайтай ирж хүүхдүүдээ бүртгүүлдэг. Жилийн жилд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийн ажилд хариуцлагагүй хандаж байгаад харамсдаг. Бидний ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сурч хүмүүжих боломжийг бүрдүүлэх ёстой.

П.Гантөмөр: Хүүхдээ хувийн цэцэрлэгт явуулж чадахгүй шүү дээ

Би охиноо хоёр дох жилдээ бүртгүүлэх гэж байна. Өмнө нь 3-4 хоног хонож байж бүртгүүлж чадсан. Надтай хамт дугаарлаж байсан эцэг эхчүүдийн дундаас хүүхдээ бүртгүүлж чадаагүй олон ч эцэг эх байсан. Тэдний өмнөөс харамсаж байсан. Яагаад төр засгийн хариуцлагагүй бодлогоос болж хүүхдүүд хохирох ёстой гэж. Бид цалингаараа урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдардаг. Улсын цэцэрлэгт хүүхдээ явуулж чадахгүй гээд хувийн цэцэрлэгт явуулах боломж бололцоо байхгүй шүү дээ. Бараг сая гаруй төгрөгийн төлбөртэй гэж сонссон. Бараг их сургуулийн дайтай л юм шиг байна. Хүүхдийг заавал сургуулийн өмнөх боловсролтой болгох ёстой гэцгээдэг. Тиймдээ ч огт цэцэрлэгт явж байгаагүй хүүхдийг ерөнхий боловсролын сургуулиуд элсүүлж авдаггүй юм билээ. Яагаад гэвэл сургуулийн өмнөх боловсролыг заавал эзэмших ёстой гэж үздэг гэсэн. Тийм болохоор л бид хонон өнжин дугаарлаж байна шүү дээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.116.94 Энэ асуудлыг шийдэхийн тулд буруу үрээд буй мөнөгө хямнаж шинэ цэцэрлэг олон олноор барьж, ажлын байр хүүхдийн цэцэрлэгийн нөхцөлд нэмэр болмоор юм. Гэр хороололд 4 айлын газар 100 саяар аваад 3 давхар цэцэрлэг барих гэх мэт. Би хүүхдээ өгөхийн тулд 2 хоног дугаарласан. 3 хүүхдээ цоожлоод үүрээр 5 цагт гэрээсээ гарч ирсэн. Бурхан минь энэ өдрүүдэд ажлаа бүтээхийн ТУЛД БУРХАНД ЗАЛБИРЧ, ГАНДАНД МӨРГӨЖ, АРД ГЭРТЭЭ ҮЛДСЭН ЦООЖТОЙ 3 ХҮҮХДЭДЭЭ САНАА ЗОВЖ, АЖИЛДАА ЯАРЧ ИХ ЮМ БОЛСОН. БҮРТГҮҮЛСЭН НЬ АЗ ЮМ ДАА. БҮРТГЭЛЭЭС ЯНЗ БҮРЭЭР ШАЛТГААЛЖ ХАСАГДАЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ ӨРӨВДӨЖ БАЙЛАА. ГЭХДЭЭ ООЧИРЛОЖ ДУГААРЛАЖ ЗОГСОХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛСЭН ТӨРИЙН БУРУУ БОДЛОГОД ГҮНЭЭ ХАРАМСАЖ БАЙНА. ЦЭЦЭРЛЭГИЙГ ШИЙДЭХ ТҮМ БУМАН ШИЙДЭЛ БАЙНА. ТӨСӨЛ БИЧЭЭД ИР ГЭВЭЛ БИ БИЧЭЭД ЦЭЦЭРЛЭГ БАРИХСАН
150.129.142.27 ene tsetserlegiin asuudal jil bur l garah ymaa ene tal deer ter 76 ym bodoj boldoggui ym bhdaa arai ch dee