Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг шаарджээ

2015 оны 08 сарын 20

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг шаарджээ. Тодруулбал, тус холбооноос Засгийн газар, Засаглалын тогтворгүй байдал нь Монгол Улсын Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, МАОЭНХ-ны олон жилийн хамтын ажиллагаа, хамтын гэрээ хэлэлцээрээр дамжуулан хэрэгжүүлэх хөдөлмөр, нийгмийн олон чухал асуудлууд тасалдаж хойшлогдох зэрэг олон үйл явцад сөргөөр нөлөөлж байна хэмээн үзэж байгаа аж. Иймээс УИХ, Засгийн газарт таван шаардлагыг хүргүүлжээ. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодруулав.

-Ямар шаардлагыг тавьж байгаа юм бэ?

-Юуны өмнө төрийн албан хаагчдын цалинг улсын төсөвт тусгасны дагуу 90 тэрбум төгрөгийн баталгаат эх үүсвэрт багтаан нэн яаралтай нэмэгдүүлэх, хоёрдугаарт, төрийн албаны тогтвортой байдлыг алдагдуулахгүй байлгах хэрэгтэй. Гуравдугаарт, ажлын байрны баталгааг хангах чиглэлээр байгуулсан хэлэлцээрийн холбогдох заалтууд, энэ хүрээнд байгуулагдсан санамж бичгийн хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн.

-Та бүхэнд ямар нэгэн хариу мэдэгдэл ирүүлсэн үү?

-Өмнөх Засгийн газрын хүлээсэн үүргийг дараагийн Засгийн газар нь биелүүлэх ёстой. Өнөөдөр Засгийн газар огцорсон бус харин нөхөн бүрдүүлж байна. Тэгэхээр өнгөрсөн долдугаар сард ЗГ-аас ирүүлсэн мэдэгдэлд “Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлнэ. Гэхдээ төсвийн алдагдалтай байдлын улмаас түр хойшлуулж, төсвийн тодотголын хүрээнд шийдвэрлэх бүрэн бололцоотойгоо мэдэгдэж байна” гэсэн. Тиймээс хэлэлцээр үргэлжилж хэрэгжих ч цаг хугацааны хувьд нэлээд хойшилж байгаа юм. Цаг хугацаа хойшлох тусам улсын төсөвт хүндрэл учирна. Яагаад гэвэл жирийн иргэдийн цалин нэмэгдэж, 90 тэрбум төгрөг нөхөгдөөд явахаар сүүлдээ шахагдаад ирэх учир төсөвт хүндрэл учирна гэж бодож байна. Тэгэхээр аль болох хэлэлцээрээр хүлээсэн үүргээ цаг хугацаандаа биелүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Бид өнгөрсөн долдугаар сараас хойш нэлээд хүлээсэн.

-Цалинг улсын төсөвт тусгасны дагуу 90 тэрбум төгрөгийн баталгаат эх үүсвэрт багтаан нэн яаралтай нэмэгдүүлэх ёстой гэсэн. Тэгвэл нийт хэдэн хувиар нэмэгдүүлэх ёстой юм бэ?

-Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт 2015-2016 оны хэлэлцээрийн 3.4-т заасны дагуу улсын төсөвт 90 тэрбум төгрөгийг суулгуулсан. Тэгэхээр 90 тэрбум төгрөгийн хүрээнд төрийн албан хаагчдийн цалинг гурван үе шаттайгаар нэмэгдүүлэхэд тодорхой мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх тохиролцоог хийсэн. Тиймээс хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдгээ хэлэлцээрийн заалтын дагуу олон нийтэд мэдээлэх боломжгүй байгаа юм. Гэхдээ хамгийн бага нь 10-аас дээшгүй хувьтай байгаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД