Т.Баясгалан: Хяналтын үзлэгт ороогүй жолооч 96.000 төгрөгөөр торгуулна

2015 оны 08 сарын 20

Автотээврийн үндэсний төвөөс ирэх сарын 01-нээс эхлэн тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгт ороогүй орох хугацаа хэтэрсэн болон орсон боловч стандартын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нарт Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулах, бичиг баримтыг хураах зэрэг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн Техникийн хяналт, бүртгэл хариуцсан дэд захирал Т.Баясгалангаас тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт ороогүй иргэдэд торгууль ногдуулна гэсэн. Энэ талаар?

-УИХ-аас баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 380 орчим мянган тээврийн хэрэгсэл хамрагдаад байгаа. Тиймээс хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд дугтуйнд торгууль хийж хүргүүлэх эсвэл утас руу нь зурвас явуулж байгаа. Учир нь хууль хэрэгжиж эхэлснээс хойш зөрчилтэй жолооч баригдвал иргэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хүртэлх хувь буюу 96 мянган төгрөгөөр, харин аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй байдаг авто тээврийн хэрэгсэл бол 192 мянган төгрөг, мөн улсын дугаарын зөрчилтэй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй бол 96 мянга болон 192 мянган төгрөгөөр торгуулна.

-Улсын хэмжээнд нийт хэчнээн тээврийн хэрэгсэл хяналтын үзлэгтээ хамрагдаагүй байгаа вэ?

-Улсын хэмжээнд нийт 570 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдах ёстойгоос яг одоогийн байдлаар 180 мянга гаруй тээврийн хэрэгсэл хамрагдаагүй байгаа. Иргэдийн дийлэнх нь хавар татвар хураалттайгаа зэрэгцээд техникийн үзлэгтээ хамрагдчихдаг. Гэхдээ өнгөрсөн оны есдүгээр сард хяналтын үзлэгтээ хамрагдсан иргэнд энэхүү харилцаа үйлчлэхгүй юм. Учир нь хуулиараа жилийн турш хүчинтэй байдаг учраас тэр юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД