Иргэн бүр Өршөөлийн хуульд хамрагдах эрхтэй

2015 оны 08 сарын 20

Хорих ангид ял эдэлж байсан иргэд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Өршөөлийн тухай хуулиар төмөр торны цаана ял эдэлж буй 6000 гаруй иргэнийг ялгаварлахгүйгээр адилхан өршөөл үзүүлэхийг хүсч буйгаа илэрхийллээ. Тэд бүгд хулгай болон танхайн хэргээр баривчлагдаж, эдлэх ёстой ялаа үүрээд гарч ирсэн гэдгээ ч мөн адил мэдэгдсэн аж.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ш.Эрдэнэбилэг: Өршөөлийн хууль удаа дараа батлагдаж байсан боловч дорвитой шийдвэр гаргаж байгаагүй. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хууль батлагдахад Булганы хорих ангид хоригдож байсан 64 хүн өлсгөлөн зарлаж, суулт хийж байсан. Гэтэл түүнийг хүчээр тараасан. Тэдгээр хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдахын тулд 11 өдөр өлсгөлөн зарлаж, заримынх нь бие маш муудсан байсан. Гэсэн хэдий ч огт тоож үзээгүй. Өнөөдөр 6000 хүн шоронд ял эдлээд сууж байгаа бол тэдний 4000-д нь Өршөөлийн хууль хамаарахгүй гэсэн. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй учраас яагаад хоригдох ёстой ялаас нь ганцхан жилийг ч болов өршөөж болохгүй гэж. Хорих ангиудад асар их дарамт байдаг гэдгийг хэн ч мэддэггүй. н.Өлзийбат дэд хурандаа хорих ангиудаар явж, хоригдлуудад буу тулган зодож, тамладаг. Тэнд хүний эрх ихээр зөрчигдөж байдаг.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Сүхбат: Бид өмнө нь хорих ангид 10-20 жил ял эдэлж байсан. Бидэнтэй цуг хоригдож байсан хэдэн мянган хоригдол бий. Тэдгээрийг Өршөөлийн хуульд огт хамруулдаггүй. Энэ удаагийн Өршөөлийн хуулиар хээл хахууль, залилан, луйвар, албан тушаалаа урвуулан ашигласан, улсад маш их хэмжээний хохирол учруулсан хүмүүсийг хамруулах гэж байгаа талаар сонсоод төр засагтаа дуу хоолойгоо хүргэхээр энд цуглаад байна. Шударга ёс гэж хаана байна вэ гэж асуумаар байна. Монголд ял эдэлж буй 6000 гаруй ялтан бий. Тиймээс тэднийг ялгаварлаж үзэлгүйгээр Өршөөлийн хуульд хамруулж, 10- 30 жилийн хоригдох ял авсан иргэдийн ялаас нь ганц, хоёр жилийг ч болов хасаж өгөөч гэж гуйх гэсэн юм.

Иргэн Ж.Онон: Би БНХАУ-ын иргэнээс гар утас хулгайлсан хэргээр 11 жилийн ял авч, Булган аймгийн онцгой дэглэмтэй хорих ангид 11 жил хоригдсон. Харин 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлтээ хорих ангийн удирдлагуудад тавьсныхаа төлөө Өршөөлийн хуулийг эсэргүүцлээ хэмээгдэж гянданд таван жил хоригдсон. Ардчилсан нийгмийн 25 жилийн хугацаанд нийт зургаан удаа Өршөөлийн хууль гарч байна. Гэтэл өнөөдөр авилгал, залилан, луйврын хэргээр хоригдсон хүмүүс суллагдаж байна. Үүнд хамаарагддаггүй 4000 хүний ялаас хэсэгчлэн хасаж өгөөч. Ганцхан жил ч тэр хүмүүст багадахгүй шүү дээ.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД