Конгрессийн туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байна гэв

2015 оны 08 сарын 20

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөл болон Конгрессийн төлөөлөгчдийн танхимын ардчилалын түншлэлийн хөтөлбөрийн төлөөллийг өнөөдөр буюу энэ сарын 20-ны өдөр хүлээн авч уулзжээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, парламентын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар ажилтнуудаа чадавхжуулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх талаар онцгой анхаарч байгааг тэмдэглээд, Тамгын газрын үйл ажиллагаанд дэлхийн тэргүүн туршлагыг авч хэрэгжүүлэх, ялангуяа Конгрессийн туршлагыг нэвтрүүлэхийг зорьж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн цаашдаа Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон Конгрессийн төлөөлөгчдийн танхимын ардчилалын түншлэлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлнэ гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Нээлттэй сонсголын танхимыг байгуулсаныг дурдаад, өнгөрсөн хаврын чуулганаар Нээлттэй сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай, Захиргааны тухай хуулиудыг баталсан. Энэ хуулиуд нь хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хуулиуд батлагдсанаар Монгол Улсын парламент иргэд, сонгогчдынхоо өмнө ил тод, нээлттэй, хяналттай байх юм гэлээ.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД