Хүүхдүүд туршилт биш

2015 оны 08 сарын 19

2015-2016 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, төрийн өмчийн бус 399, нийт 632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байсан. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 116570 хүүхэд байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлт нь хамрагдалтын хувийн өсөлттэй шууд хамааралтай аж. Тиймээс нийслэлд нийт 152 хороо байгаагаас 33 нь буюу 21.7 хувь нь цэцэрлэггүй байгаа юм байна. Тиймээс энэ хичээлийн жилд "Элсэлтийн тасалбар" үйл ажиллагааг явуулах аж. Гэвч үүнийг эсэргүүцэж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд арав гаруй цэцэрлэгийн төлөөлөл болсон эцэх эхчүүд цуглаж ”Хүүхэд сугалаа биш”, “Ард түмний хүүхдүүд сугалааны хонжвор биш”,”Сугалааг эсэргүүцэж байна”, “Хүүхдүүд туршилт биш” гэсэн лоозонгуудыг барьж байлаа. Учир нь тус дүүргийн Боловсролын хэлтсээс цэцэрлэгт элсэх хүүхдүүдийг сугалаагаар тодруулах шийдвэр гаргасан аж. Энэ талаар тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга  Х.Батбаяр хэлэхдээ  “Цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байсан бол ийм асуудал үүсэхгүй. Тиймээс бид байгаа цэцэрлэгтээ иргэдийнхээ хүүхдийг тэгш хуваарилах зорилгоор энэ аргыг сонгосон гэдгийг эцэг эхчүүдэд тайлбарласан. Гэсэн ч тэд хүлээж авсангүй” гэв. Тиймээс цэцэрлэгийн удирдлагууд болон эцэг эхчүүдтэй хамтарсан уулзалт хийж цаашид цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн явуулах талаар эцэслэн шийдвэрлэх аж.

Энэ үеэр зарим эцэг эхчүүдийн байр суурийг сонирхоход иргэн С "Би наймдугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хүүхдээ бүртгүүлэхээр дугаарлаж байна. Гэсэн ч Баянзүрх дүүргийн 82 дугаар цэцэрлэгт бүртгэх хүүхдийн тоо тодорхойгүй байна. Хоёр настай 50 хүүхэд шинээр бүртгэнэ гэнэ. Тэгсэн хэрнээ 3-4 настай хүүхдүүдийг бүртгэхгүй гэх юм. Хэд хоногийн хугацаанд 200 гаруй эцэг эхчүүд дугаарлаж зогслоо. Өдөрт зургаан цагийн зайтай ирж хүүхдүүдээ бүртгүүлдэг. Жилийн жилд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийн ажилд хариуцлагагүй хандаж байгаад харамсдаг. Бидний ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сурч хүмүүжих боломжийг бүрдүүлэх ёстой" гэсэн бол иргэн Д "Баянзүрх дүүргийн 82 дугаар цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр гурав хонож байна. Одоогоор 82 дугаар цэцэрлэг 50 хүүхэд авна гэсэн ч 300 гаруй эцэг эх хүүхдүүдээ бүртгүүлэхээр 3-5 хоног дугаарлаж байна. Бидэнд 260 хүүхдээс 50 хүүхдийг сугалаагаар бүртгэнэ гэж хэллээ. Хэрвээ сугалаагаар хүүхдээ бүртгүүлж чадахүй бол миний хүүхдэд гэртээ аль эсвэл хувийн цэцэрлэгт явах сонголт л үлдэж байна. Хүүхэд сугалаа биш гэдгийг онцлон хэлье" гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.74.185 төр рүү гомдоллож дайрахаасаа илүүтэй анх жирэмслэхдээ, гэрлэхдээ амьдралаа бусдын оролцоогүй аваад явж чадах уу гэдгээ сайн бод. унтаж хэвтэхээ бодсноос л ийм үр дагавар гарч байна ш дээ.