Зүүн хойд Азийн 40 гаруй дарга нар чуулна

2015 оны 08 сарын 19

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн дарга нар "Ногоон хотын хөгжил" сэдвээр чуулах гэж байна.

Нийслэлээс Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, бүс нутаг дахь орнуудаас туршлага судлаж, санал солилцох зорилгоор Хотын захиргаа, Азийн сан, Дэлхийн банктай хамтарч Зүүн Хойд Азийн орнуудын хотуудын “Ногоон хотын хөгжил” форумыг ирэх сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Тус форумд Зүүн Хойд Азийн 40 гаруй хотын дарга, экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, албаны хүмүүсийг оролцуулахаар төлөвлөж, урилга хүргүүлээд байна. Форумаар Зүүн Хойд Азийн хотууд дахь ногоон өсөлт, хөгжлийн чиг хандлага, стратеги бодлого, Ногоон дэд бүтэц, тээвэр болон амьдралын хэв маяг, Ногоон технологи, хөрөнгө оруулалт, ажлын байр гэсэн үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэ нь Улаанбаатар хот бүс нутагтаа ногоон хөгжлийн жишиг хот болох зорилгодоо хүрэх эхний алхам болно гэж албаныхан үзэж байгаа юм.

Дашрамд сануулахад, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрээр Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД