Зүүн хойд Азийн аялал жуулчлалын форум болно

2015 оны 08 сарын 19

Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дэх удаагийн форум маргааш буюу энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо эхлэх гэж байгаатай холбогдуулан БНХАУ-аас 20, Япон улсаас 40, БНСУ-аас 50, ОХУ-аас 10 судлаач оролцохоор ирээд байгаа аж. Тус форумыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд форумын сэдэв нь MICE жуулчлал буюу олон улсын хурал, бизнес аялал, тэмдэглэлт үйл явдал, үзэсгэлэнгийн жуулчлалыг Улаанбаатар хотод хөгжүүлэх асуудал байх юм. Мөн энэ үеэр Зүүн хойд Азийн экотуризмыг хөгжүүлэх нь” сэдвийн дор олон улсын залуу судлаачдын форум болох аж.

Дашрамд сонирхуулахад, Улаанбаатар хот дэлхийн хорь гаруй хоттой шууд нислэгээр холбогддог, Ази-Европыг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, сүүлийн жилүүдэд дээд зэрэглэлийн зочид буудал, үйлчилгээний байгууллагууд олноор байгуулагдаж байгаа зэрэг нь дээрх төрлийн жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа. Нийслэл хотын захиргаанаас бизнес, ажил хэргийн зорилгоор жуулчлагсдыг татахын тулд Улаанбаатар хотын 4-5 одны зэрэглэлтэй зочид буудлуудтай хамтран жил бүрийн арван нэгдүгээр сараас тавдугаар сарыг хүртэл өрөөний үнийг 50 хүртэл хувиар бууруулан сурталчилгаа явуулж, нийслэл хотын захиргаа, харьяа байгууллагууд олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтуудыг аялал жуулчлалын идэвхгүй улирлуудад зохион байгуулах санаачилга гарган ажиллаж байна. Ингэснээр зуны саруудад тээвэр, зочид буудлын хүрэлцээгүй байдал, хэт ачааллыг сааруулж, улирлын хугацааг уртасгах боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД