УБТЗ-ын удирдлагууд оюутнуудын эрхийг зөрчиж байна гэв

2015 оны 08 сарын 19

УБТЗ-ын шинэ удирдлагуудын захирамжаар Тээврийн дээд сургуулийн дэргэдэх мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд шилжүүлэх шийдвэр гарсан байна. Үүнийг Тээврийн дээд сургуулийн багш ажилчид болоод оюутнууд эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар Тээврийн дээд сургуулийн багш, техникийн ухааны доктор М.Бямбасүрэнгээс тодрууллаа.

-Тээврийн дээд сургуулийн оюутнуудыг МСҮТ рүү шилжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан багш, ажилчид уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа гэсэн. Энэ талаар?

-Бид нар УБТЗ-ын даргын А-185 тоот тушаалыг эсэргүүцэж байгаа юм. Энэхүү тушаалаар тусгай зөвшөөрөл аваагүй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв рүү техникийн боловсролын сургалтыг шилжүүлэх шийдвэр гарсан. Тухайлбал, зургаан сарын өмнө багшлах боловсон хүчин болоод сургалтын бааз суурийг бэлдээд Боловсрол, шинжлэх ухааны яам руу албан хүсэлтээ явуулж байж тусгай зөвшөөрлийг авдаг. Гэтэл Тээврийн дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг дур мэдэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв рүү шилжүүлсэн. Дээрээс нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багшлах боловсон хүчнээс эхлээд сургалтын бааз орчныг сайжруулах үүрэг даалгавар өгсөн байсан. Тэгсэн хэрнээ элсэлтээ есөн сарын 01-нээс эхлүүлнэ гэсэн. Тийм богино хугацаанд мэргэжлийн сургалтын орчныг бүрдүүлж амжихгүй шүү дээ. Хамгийн гол нь техникчийн боловсрол эзэмших гээд элсэж орж ирсэн оюутнуудын эрхийг маш ихээр зөрчиж байгаа хэрэг юм.

-Нийт хэчнээн оюутныг шилжүүлэх шийдвэр гарсан бэ?

-Нийт есөн мэргэжлийн 450 орчим оюутныг шилжүүлэх шийдвэр гарсан. Гэхдээ тодорхой тушаал гараагүй ч удирдлагууд амаар шилжүүл гэсэн даалгавар өгсөн байсан.

-Яг одоогийн байдлаар тус төвийн сургалтын орчин хэр байдаг вэ?

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Тээврийн дээд сургуулийн дотуур байрны нэг давхрын долоон ангид сургалтаа явуулдаг. Тиймээс энэ нь оюутнуудад таван өрөө байрнаас нэг өрөө байр луу шилжүүлсэнтэй ялгаа байхгүй юм.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД