Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх үндэслэлгүй гэж үзжээ

2015 оны 08 сарын 19

Манай улсын их, дээд сургуулиудын төлбөр жилээс жилд өсөн нэмэгддэг. Үүнийгээ сургуулийн удирдлагууд урсгал зардалтай холбон тайлбарладаг бөгөөд үүнийг эсэргүүцсэн оюутнууд Монголын оюутны холбоогоор дамжуулан өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэдэг. Гэсэн ч төдийлөн амжилттай болж чаддаггүй бөгөөд төлөхөөр заасан төлбөрийг үг дуугүй төлөхөөс өөр аргагүйд хүрдэг. Тэгвэл энэ жил ч мөн адил их, дээд сургуулиудын төлбөр 15-40 хүртэлх хувиар огцом нэмэгдсэн нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлээд буй. Энэ талаар сургуулийн удирдлагууд энэ жил улсын төсвөөс их, дээд сургуулиудад санхүүжилт олгоогүй бөгөөд үйл ажиллагаагаа сургалтын төлбөрөөр санхүүжүүлэхээр өөр аргагүйд хүрсэн хэмээн мэдэгдсэн байна. Мөн түүнчлэн 2015-2016 оны хичээлийн жилд элсэн суралцах оюутнуудын тоо бага байгаатай ч холбоотой аж. Тиймээс үүнийг эсэргүүцэж Монголын оюутны холбооны зүгээс албан шаардлага хүргүүлээд байгаа юм байна. Тэд энэ хичээлийн жилийн хувьд төрийн албан хаагчдын цалин нэмэгдээгүй, цахилгаан дулааны үнэ их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт нөлөөлөхүйц хэмжээнд өөрчлөлт ороогүй, шинээр барих шаардлагагүй тул сургалтын болон дотуур байрны төлбөрийг нэмэгдүүлэх бодит үндэслэлгүй хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатараас тодрууллаа.

-Монголын оюутны холбооноос тавьсан шаардлагын хариуг хэзээ авах вэ?

-Сургалтын төлбөрийн хувьд бид их, дээд сургуулиудын удирдлагад албан бичиг хүргүүлсэн. Үүндээ таван шаардлага тавьсан. Гэхдээ одоогоор ямар ч сургууль албан ёсны хариуг өгөөгүй байна. Харин өчигдөр бид өөрсдөө зарим их, дээд сургуулиудын удирдлагуудтай биечлэн уулзсан байгаа. Тэр үеэр энэ жилийн элсэлт багассантай холбоотойгоор төлбөрөө нэмэхээс өөр аргагүйд хүрсэн хэмээн тайлбарлаж байсан. Үндсэндээ оюутнуудын эцэг эхчүүдийн нуруун дээр эдгээр сургуулиуд оршин тогтноод байгаа юм шиг жишиг тогтсон байна. Тэгэхээр энэ сарын 25-ныг хүртэл их, дээд сургуулиудын удирдлага бодитой шийдвэр гаргахгүй бол холбооны зүгээс ажлын хэсэг байгуулаад эцсээ хүртэл тэмцэх болно.

-Оюутнууд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ өмнө нь авч байсан хөнгөлөлтөө эдэлж чадах болов уу?

-Нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлтөөр оюутнууд ямар хөнгөлөлт авч чадах вэ гэдгийг хараахан тохироогүй байгаа. Үүнийг хурдан шийдэж өгөхгүй бол оюутнуудын есөн сарын 01-нээс дараа жилийн зургаадугаар сарын 30-ныг хүртэлх 10 сарын эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна.

-Монголын оюутны холбооноос гаргадаг хөнгөлөлтийн картуудаа хэзээ гаргах вэ?

-Бид ачааллаа зохицуулах үүднээс хавар захиалгаа урьдчилж авдаг. Тэгэхээр төрийн банкны хаврын захиалгаар 65-70 мянга орчим карт бэлэн болсон байгаа. Яг одоогийн нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлтөө дагаад ирэх сарын 01-нээс 70 орчим мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчих боломж бүрдсэн байгаа.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.24.219 ЗӨВ ШҮҮ