Дундаж давхаргын 294000 гаруй өрхийг ипотекийн зээлд хамруулна

2015 оны 08 сарын 19

Орон сууцны ипотекийн зээлд өрхийн мэдээллийн сангийн 7-15 дахь бүлгийн иргэд хамрагдахаар болжээ. Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу нийт хүн амд төрөөс үзүүлэх үйлчилгээ, тусламж, хөтөлбөр, үйл ажиллагаа, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх бодлогын зорилтын хүрээнд Үндэсний Статистикийн Хорооны дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтран баталсан аргачлалын дагуу Монгол улсын нийт өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлон, тэдгээрийг амьжиргааны түвшнээр хамгийн бага хэрэглээтэйгээс өндөр хэрэглээтэй рүү нь эрэмбэлэн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г бүрдүүлсэн. Энэхүү мэдээллийн санг Засгийн газраас нийт өрх, хүн амд зориулан хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаанд олон салбар нэгэн зэрэг ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд байгаа нийт өрхийг амьжиргааны түвшингээр нь хамгийн бага хэрэглээтэйгээс өндөр хэрэглээтэй рүү эрэмбэлэж, амьжиргааны түвшний 20 бүлэгт хуваасан бөгөөд 7-15 дугаар бүлэгт байгаа 294000 гаруй өрхийг дундаж давхаргын өрх, хүн ам гэж тооцон орон сууцны ипотекийн зээлийн үйлчилгээнд хамруулахаар болсон байна. Тиймээс иргэд амьжиргааны түвшний 7-15 дах бүлэгт хамрагдсан иргэн байх гэсэн шалгуурын дагуу иргэн амьжиргааны түвшний тодорхойлолтоо гаргуулахын тулд сум, хорооны нийгмийн ажилтанд хандан өргөдөл гаргана. Уг өргөдлийг нийгмийн ажилтан хүлээн авч мэдээллийн сангаас хайлт хийж тухайн өрх мэдээллийн санд багтсан эсэхийг тодорхойлно. Хүсэлт гаргасан иргэний өрх нь судалгаанд хамрагдан амьжиргааны түвшнээ үнэлүүлсэн нөхцөлд амьжиргааны түвшний аль бүлэгт хамаарч байгаагаар програмаас хариуг (тодорхойлолт) гаргаж өгөх юм байна.

Г.Жаргалмаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД