Байлдааны ажиллагааг төлөвлөх, зохион байгуулж явуулах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж байна

2015 оны 08 сарын 19

Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан "Шийдэмгий шийдвэр" энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт өнгөрсөн даваа гаригаас эхэллээ. Энэхүү хамтарсан сургуулилт нь цэргийн алба хаагчдыг мэргэжлийн хувьд сургаж бэлтгэхээс гадна энхийг сахиулах ажиллагаанд түгээмэл хэрэглэгддэг арга техникүүдийг бодитойгоор эзэмшүүлж, харилцан туршлага солилцох боломжийг олгодог онцлогтой.

Хамтарсан хээрийн сургалт, дадлагын нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай хэлэхдээ "Өнөөдөр дэлхий дахинд даяаршлын үйл явц хурдацтай өрнөж, улс орнууд бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ хямралт байдал бүхий бүс нутаг, улс оронд энхийг сахиулах, терроризмтой тэмцэх, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослыг арилгах болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл хэрэгт улс орон бүр хамтран ажиллаж  байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин  эдгээр үйл ажиллагаануудад өөрийн тодорхой хувь нэмрийг оруулж дэмжсээр ирсэн юм. Үүний тод жишээ нь өөрийн Энхийг сахиулагчдаа Ирак, Сьерра-Леон, Конго, Баруун Сахар, Чад,  Этиоп, Гүрж зэрэг орнуудад үүрэг гүйцэтгүүлснээс гадна Өмнөд Судан, Судан, Афганистан улсуудад энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын цэргийн бусад ажиллагаануудад идэвхтэй оролцуулж байна.  Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжсөөр байгаагийн тодорхой нэг жишээ бол Монгол Улс, Катар Улсын Зэвсэгт хүчний харилцан тохиролцсон гэрээний дагуу 2008, 2009, 2013, 2014 онуудад “Шийдэмгий Шийдвэр” хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулж явуулсан туршлагадаа тулгуурлан энэ удаагийн энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулж явуулж байна. Тиймээс ч энэхүү хамтарсан сургалт, дадлагын чанар, агуулга, ач холбогдол жилээс жилд улам сайжирч, цэргийн алба хаагчдыг мэргэжлийн хувьд сургаж бэлтгэхэд чиглэгдсэн, энхийг сахиулах ажиллагаанд түгээмэл хэрэглэгддэг арга техникүүдийг бодитойгоор эзэмшүүлж, харилцан туршлага солилцох боломжийг олгодог, үр дүнтэй сургууль болдогийг тэмдэглэн хэлэхэд таатай байна" гэсэн юм.

Энэ удаагийн сургалт, дадлагын онцлог нь Катар Улсын Ахмед Бин Мохаммедийн цэргийн коллежийн 11 дэх удаагийн төгсөлтийн сонсогчид оролцож байгаа бөгөөд үндсэн төрлийн байлдаанд мотобуудлагын рот хүртэл хүчийг удирдах, байлдааны ажиллагааг төлөвлөх, зохион байгуулж явуулах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхэд чиглэгджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД