1138 аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ бүртгүүлжээ

2015 оны 08 сарын 19

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхлэх гэж байгаа хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны 239 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая гектар талбайд олгохоор шийдвэрлэсэн. Үүний 32.5 хувь буюу 10.15 сая гектар нь сонгон шалгаруулалтын журмаар, 67.5 хувь буюу 20.94 сая гектар талбай нь өргөдөл хүлээн авах журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай юм. Мөн Монгол улсын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусаас зүүн хагасын 11.94 сая гектар талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Иймд энэ сарын 24-ний өдрөөс эхлэн цахим дугаар олгож эхлэх аж. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн нийт 1138 аж ахуйн нэгж байгаагаас 873 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж авч цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна.

Дашрамд дурдахад, Ашигт малтмалын газар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу уртрагийн 104 градусаас баруун талд нийт есөн сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн. Энэ хугацаанд 23 удаа цахим хэлбэрээр .235 дугаарыг олгож, дугаарын дагуу ирсэн 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэв. Одоогийн байдлаар 452 (2.55 сая гектар буюу 28.33 хувь) тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД