Дэд бүтцийн хөгжил, бүс нутгийн сүлжээг тэлэх замаар санхүүжилт авах боломжтой болно

2015 оны 08 сарын 18

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулна. Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 оны аравдугаар сард болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах, Монгол, Пакистан, Шри Ланка зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг тус банкны үүсгэн байгуулагч гишүүн орноор элсэн орох тухай санал тавьсан. Засгийн газрын өнгөрсөн оны гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн дэмжсэн бөгөөд банк үүсгэн байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд үүсгэн байгуулагч гишүүн орнууд гарын үсэг зурснаар бэлтгэл ажил эхэлжээ.

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн оронд нэгдсэнээр дэд бүтцийн хөгжил, бүс нутгийн сүлжээг тэлэх замаар хүн амын нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахуйц санхүүжилтийг авах, далайд гарцгүй хөгжиж буй улсын хувьд бүс нутгийн дэд бүтцийн сүлжээг тэлэх бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Тус банкны дүрмийн санг 100 тэрбум ам.доллар байхаар тооцсоны дагуу үүсгэн байгуулагч гишүүн орон тус бүр хувь нийлүүлнэ. Монгол Улсын хувь нийлүүлэх нийт хөрөнгө 41 сая ам.доллар нь 0.3013 хувийн саналын эрхтэй бөгөөд үүнээс хувь нийлүүлэх 20 хувийг 5.0 жилийн хугацаанд тав хуваан шилжүүлэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД