Энэтхэг улсад таван жилийн хугацаанд таван иргэн гэмт хэрэгт холбогджээ

2015 оны 08 сарын 18

Манай улс Бүгд Найрамдах Энэтхэг улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулахаар болжээ.Тухайлбал, ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын иргэд суралцах, ажиллах, бизнес болон аялалын зорилгоор олноор зорчдог, оршин суудаг, ялтан шилжүүлэх асуудлаарх Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээнд хамаарахгүй, хоёр талт гэрээ байгуулаагүй байсан улсын нэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс юм. Сүүлийн таван жилийн хугацаанд таван иргэн тус улсад гэмт хэрэгт холбогдсоноос нэг иргэн ял шийтгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар ял эдэлж буй иргэн байхгүй боловч эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Монголын тал гэрээ байгуулах саналаа хүргүүлж, Энэтхэгийн талын дэмжлэгийг аваад байна.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улс 1978 онд Ялтан шилжүүлэх тухай Берлиний конвенцид нэгдсэн бөгөөд олон талт олон улсын баримт бичгээс гадна ялтан шилжүүлэх асуудлаар хоёр талт олон улсын гэрээ байгуулж ажиллах үр дүнтэй практик олон улсад тогтжээ. Өнөөдрийн байдлаар манай улс Орос, Хятад, Солонгос, Турк, Польш, Канад, Куба улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг байгуулаад байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД