Г.Доржпалам: Ирэх сарын 01-нээс цахим карт аваагүй иргэд 1000 төгрөгөөр зорчихоор гэрээнд заасан

2015 оны 08 сарын 18

Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-наас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилготой юм. Гэтэл тус төлөвлөлтийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн тээврийн газраас мэдээлэл өглөө. Шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 73 чиглэлд 996 тээврийн хэрэгсэл, үүнээс 18 угсраа, 45 троллейбус, 933 их багтаамжийн автобус үйлчилж байгаа аж. Мөн түүчнэлн иргэдэд үйлчилгээ хүргэх шаардлагатай таван цэгт шинэ чиглэлийн үйлчилгээг хүргэсэн байна. Энэ үеэр Нийслэлийн тээврийн газрын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам хэлэхдээ “Энэ сарын 15-наас нийтийн тээврийн сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг хиййж, угсраа автобусыг үйлчилгээнд гаргасан. Гэхдээ энэ талаарх иргэдийн мэдээллийн хомс байдлаас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн бус мэдээ мэдээлэл тархсаны улмаас олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүрч байна. Үүнтэй холбоотойгоор тодорхой мэдээллийг өгч байна. Юуны өмнө өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр Чингисийн талбайн урд үйлчилгээнд явж байсан угсраа автобус замын нөхцөл байдлын улмаас тодорхой гэмтэл үүссэн. Үүнийг иргэд угсраа автобус салсан гэх буруу ташаа мэдээллийг авсан байсан. Үнэн хэрэг дээрээ замын нэгдүгээр эгнээнд байрлах борооны ус зайлуулах системийн шүүрэн таг боолтгүйн улмаас угсраа автобусны доод талыг цохиж, үүнээс болж угсраа автобусны залгаа хэсгийн шал дээшээ болж сууж явсан зорчигч гэмтсэн хэрэг болсон. Гэхдээ тухайн зорчигчийг гэмтлийн эмнэлэгт хүргэхэд ноцтой гэмтэл аваагүй гэсэн хариуг ирүүлсэн” гэсэн юм. Мөн түүнээс цахим карт аваагүй тохиолдолд автобусанд 1000 төгрөгөөр зорчино гэх мэдээлэл тархаж байна. Энэ талаар асуухад “Улаанбаатар хотын нийт иргэд цахим төлбөрийн картыг авсан байх үүрэгтэй. Энэхүү төлбөрийн картыг нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор бүх үйлчилгээг цахим төлбөрийн картанд шилжүүлснээр бид тооцоо, судалгаатай, мэдээлэлтэй болох юм. Тиймээс бид нийт иргэдийг картаа авах шаардлага тавьж ирэх сарын 01-нээс бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгаа тохиолдолд 1000 төгрөгөөр зорчихоор гэрээндээ заасан байгаа” гэлээ.

Түүнчлэн төлбөрийн картын шимтгэлийн талаар Санхүүгийн хэлтсийн дарга Э.Билэгтээс тодрууллаа.

-30 минутын дотор үнэгүй сэлгэж сууж болно гэх журмыг цуцалсан гэсэн. Энэ талаар?

-Шинэчилсэн төлөвлөлтөөр Улаанбаатар хотын нэлээд урт чиглэлүүдийг богино эргэлтийнх болгосон. Үүнтэй холбоотой төлбөрийн асуудал нэлээд их гарсан. Бидний хувьд хоёр дахь сэлгэн суултыг судалж үзэхэд одоогийн байдлаар иргэд картаа аваагүй, нийт иргэдийн 85-86 хувь нь бэлэн мөнгөөр зорчиж байгаа. Мэдээжийн хэрэг бидний зүгээс иргэдийг чирэгдүүлж, хуучин 500 төгрөгөөр зорчдог байхад нь 1000 төгрөгөөр явуулна гэсэн зорилт тавиагүй. Үүн дээр тооцоо судалгаа хийж байгаа. Тиймээс иргэдийг картаа худалдан авч, шинэ горимдоо шилжээсэй хүсч байна. Ингэснээр бидний тооцоо судалгаа үнэн бодитой гарч, иргэдэд ямар байдлаар хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгийг судалж үзэх боломж бий болно гэсэн үг. Одоогоор бид сэлгэн суултын талаар судалж, удахгүй нийслэлийн удирдлагуудад танилцуулж сэлгэн суултыг ямар үнэ тарифаар явуулах вэ гэдгээ шийднэ.

-Картаа цэнэглэхэд шимтгэл авч байх журмыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Картын цэнэглэлт, борлуулалт болоод менежментийн асуудлыг Улаанбаатар смарк карт шийдэж байгаа. Тиймээс бид иргэдийг картанд хамруулах үүднээс шимтгэл төлбөрийг авахгүй байх хүсэлтийг тавьсан байгаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 доржпалам аа бид 2 дамжиж 1000 төгрөгөөр явж байгаа шүү. чи үүнийг мэдэж байна уу? танай газар автобуснйхаа үнийг 2 дахин нэмж алдагдалаа бидний нуруунд үүрүүлээд хагас сар болох гэж байна. иргэдийг ингэж мөлжиж болох уу!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!!