БНХАУ-д болох жагсаалд оролцох цэргүүдийн бэлтгэлийн явцтай танилцжээ

2015 оны 08 сарын 15

1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор манай улсын 76 цэрэг эрс БНХАУ-ын төв талбайд ёслолын жагсаалд оролцох болсон билээ. Тус жагсаал ирэх сарын 03-нд болох бөгөөд Зэвсэгт хүчний 31 анги байгууллагын 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги байгууллагын 13 алба хаагч оролцож байна. Мөн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат албаны таван цэрэг жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

Тиймээс жагсаалын бэлтгэлийн явцтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар танилцжээ.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ "Бэлтгэл үндсэндээ хангагджээ. Эх орныхоо нүүр царай болж явах учраас жавхаалаг сайхан алхах хэрэгтэй. Хариуцлагатай үе та нарт ирж байна" хэмээн онцолсон байна.  

Дашрамд дурдахад, БНХАУ-д болох цэргийн ёслолын жагсаалд 16 орны цэрэг эрс оролцохоор болжээ. Бүрэлдэхүүний бэлтгэлийн тухай Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар “Бэлтгэл жигдэрсэн. Жагсаалд оролцох алба хаагчдыг цэргийн ёслолын жагсаалд тавигддаг үндсэн шаардлага болох бие бялдрын хөгжил, нурууны өндөр, эрүүл мэнд, жагсаалын элементийг зөв гүйцэтгэх чадварыг харж, сонгосон. 120 гаруй залуусаас 47-48 залуу шигшигдэж үлдсэн, тэдэн дээр ОХУ-д ёслолын жагсаалд алхсан туршлагатай бүрэлдэхүүнийг нэгтгэсэн” гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД