20 МВт-ын нарны эх үүсвэрт цахилгаан станц баригдана

2015 оны 08 сарын 14

Эрчим хүчний яам, Бридж групп болон Япон Улсын Фармдо компани 20 МВт-ын Нарны эх үүсвэрт цахилгаан станцыг Монгол Улсад барьж ашиглах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийн зорилго нь Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод тусгасан стратегийн зургадугаар зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд талуудын хамтын ажиллагааны зарчим, цар хүрээг тодорхойлоход чиглэгдэж байна.

Төслийн хүрээнд Улаанбаатар хот орчим Налайх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр байршилд нийт 20МВт хүчин чадалтай нарны эрчим хүчний үүсгүүртэй цахилгаан станц барьж, хэрэгжүүлж байгаа үйлдвэрлэлийн төсөлд хэрэглэх, илүүдэл цахилгаан эрчим хүчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулсан гэрээгээр сүлжээнд нийлүүлэхээр тусгасан байна.

Дашрамд сануулахад, Монгол Улс нь “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” НҮБ-ын суурь конвенцийн 2005 онд хүчин төгөлдөр болсон Киотогийн протоколд нэгдэн орсон бөгөөд нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Япон Улстай “Хамтарсан кредитийн механизм” хэлэлцээрийг байгуулсан байдаг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД