Нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай эко үйлдвэр нээлтээ хийлээ

2015 оны 08 сарын 14

Манай улсад жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, анхны эко цементийн үйлдвэр Дорноговь аймгийн Өргөн суманд нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь зэрэг төлөөлөгчид оролцсон аж.

Тус үйлдвэр нь уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн, импортыг орлож, валютын урсгалыг дотооддоо барих зорилготой бөгөөд орон нутгийн төсөвт хөрөнгө бүрдүүлж, 500 гаруй ажлын байрыг шинээр  бий болгож, бүс нутагт үйлдвэр дагасан туслах аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдний орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ “Говь нутагт их бүтээн байгуулалт өрнөж, үндэсний нэгэн шинэ үйлдвэр үүдээ нээлээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань дотоодын хэрэгцээгээ бүрэн  хангаад зогсохгүй цаашид Европ стандартад нийцсэн өндөр чанартай цементийг экспортод гаргах цаг удахгүй гэдэгт итгэлтэй байна. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжиж, аж үйлдвэржсэн Монгол Улс болж хөгжих зам бидний өмнө нээлттэй байна”гэв.

Дашрамд дурдахад, манай улсын жилийн хэрэгцээ 2013-2014 онд хоёр сая гаруй тоннд хүрсэн  байдаг ба энэ онд цементийн хэрэглээний дийлэнхийг үндэсний үйлдвэрүүд хангасан. Цаашид ирэх оноос дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД