Ээлжит бус чуулган өндөрлөлөө

2015 оны 08 сарын 14

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр буюу энэ сарын 14-ний өдөр хаалтаа хийлээ. 16 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлсэн тус чуулган Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комиссыг зохион байгуулах тухай хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулан байгуулахаар тогтоолын төсөлд тусгаж, 78.6 хувийн саналаар дэмжсэн байна. Сүүлчийн өдрийн чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Түүнийг бүрэн эхээр нь хүргэе.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр нээгдсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 11 өдөр хуралдаж өнөөдөр өндөрлөж байна. Ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг онцлов.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн чөлөөлөлтийг зохицуулахаар шийдвэрлэлээ. Энэ хуулийн үйлчлэх хүрээнд Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд хамаарахгүй гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэл, сум өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх илүү нарийвчилсан зохицуулалтыг бий болгож, өмнө нь зохицуулагдаагүй байсан зарим харилцааг хуульчилж өгснөөрөө ач холбогдолтойг дурдлаа.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн этгээдэд өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа. Энэ удаагийн өршөөл үзүүлэх тухай хуульд иргэн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн тулгуур зарчмыг баримталсан болохыг тэмдэглэв.

Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн тул энэ хоригийг хэлэлцэхийн тулд дахин ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага гарч байгаа, түүнчлэн Засгийн газар өргөн мэдүүлсний дагуу шинээр томилох 6 сайдын асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх болно гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД