Өршөөлийн тухай хууль үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэв

2015 оны 08 сарын 14

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй төрийн бус байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд тус мэдэгдэлдээ Өршөөлийн тухай хуулийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, манай улсын үндэсний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтүүд зохистой хэмжээнээс буурч, улс төр, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд бодит аюул учруулахуйц нөхцөл байдал үүсэн хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн “Мөнх дайчин нөхөрлөл” нийгэмлэг, “Уламжлалт тусгаар тогтнол” холбоо, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ, “Хязгаарын эзэд” ТББ зэрэг нийт найман байгууллага хамтран УИХ, Засгийн газрын гишүүдэд хүргүүлсэн аж. Уг мэдэгдэлдээ улс орны язгуур эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр гаргахдаа гагцхүү үндэсний болон ард түмний ашиг сонирхлыг эрхэмлэж, Үндсэн хуулиа дээдэлж, хууль тогтоомжоо сахин ажиллахыг анхааруулсан байна. Энэ талаар Аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Та бүхэн ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Өршөөлийн тухай хуульд албан тушаалтнууд, авилгал, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан, залилан үйлдсэн, хууль бусаар хөрөнгөжсөн хэргүүдийг хасах шаардлагыг тавьж байна.

-Дээрх хэргүүдэд хориг тавих боломж бололцоо хэр байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчид батлагдсан хууль одоог хүртэл очоогүй юм билээ. Дараа нь хуультайгаа танилцаад, зөвлөхүүдтэйгөө зөвлөлдөөд, ямар зүйл заалт дээр хориг тавих вэ гэдгийг шийдэх ёстой.

-Нэгэнт батлагдчихсан хуулинд өөрчлөлт оруулах боломж ховор гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ?

-“Тэнэг хүн үүссэн асуудлыг шийдэж чаддаг, ухаантай хүн асуудлыг шийдэж чаддаг, харин гүн ухаантан хэзээ ч асуудал дагуулдаггүй” гэсэн үг байдаг. Тиймээс үүссэн аливаа асуудалд заавал гарц байх ёстой.

-Та бүхэн тавьсан шаардлагынхаа хариуг хэр хугацаанд хүлээх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-аас баталж гаргасан хуульд таван хоногийн дотор хариу өгөх ёстой байдаг. Энэ хугацаа дуусах юм бол бид дараагийн алхам руугаа шилжинэ. Өөрөөр хэлбэл, тэмцлийн хурц хэлбэр лүү шилжих болно.

-Анх удаа залилангийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс Өршөөлийн тухай хуульд хамрагдана гэсэн. Тэгэхээр энэ тал дээр судлаач хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм зүйл байж болохгүй. Нэг удаа хүн залилж сурсан хүн дараагийн удаа дахин үйлдвэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Дээрээс нь тэр хүн үүссэн хохирлыг бүрэн барагдуулсан байх ёстой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.118 Улс орноо хогжуулэх арга зам ярьвал яасийм бэ?
72.161.124.50 Bitgii olsoj suuj tednii ineediig hyrgeerei dee Tertei tergui olsood zovj baigaa humuus zondoo baina Tegj haiharch handaj uzdeg humuus en zag yed garch ireegui baigaa todorhoi baihad olsoj suuj tezhene gedeg utgagui