Монголын 76 цэрэг эрс БНХАУ-ын төв талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцоно

2015 оны 08 сарын 14

Манай улс 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 01 тоот зарлигаар түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавъяаг сурталчлах, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон. Үүний хүрээнд ойн хүрээг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар батлан хамгаалах яамнаас мэдээлэл өглөө. Үүнд дурдсанаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг хоёр үе шаттайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд хоёрдугаар үе шат нь өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн энэ сарыг дуустал үргэлжлэх аж. Тухайлбал, Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, ялалтын 70 жилийн баримтат кино, түүхэн ном бүтээх, олон улсын эрдэм шинжилгээний хурал болон урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах юм. Мөн түүнчлэн Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ талаар Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Энхсайханаас тодрууллаа.

-Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулах гэж байна. Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Сүхбаатар аймагт энэ сарын 19-нд, Дорноговь аймагт энэ сарын 21-нд, Улаанбаатар хотод энэ сарын 28-нд баярын хурал, тусгайлсан арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ үеэр Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт хийж, ЗХЖШ-ын дэргэдэх “Үлгэр жишээ” үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, “Бид ялав” үзэсгэлэн, урлагийн тоглолт, баярын хурал болох юм. Энэхүү түүхэн үйл явц нь Монгол Улс энэ дайнд оролцсоноор дэлхийн тавцанд олон улсын харилцааны эрх зүйн нэгэн субъект болохоо харуулж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс төрийн өндөр ач холбогдолтой юм. Иймдээ ч Монголын 76 цэрэг эрс БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцох бөгөөд энэ сарын 16-ны өдөр БНХАУ-ыг зорино.

-Нийт хэчнээн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Бид нийтдээ 23 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 13 ажлыг зохион байгуулаад байна.

Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Чөлөөлөх дайныг сурагчийн үзгээр” сэдэвтэй эссе бичлэгийн уралдаан зарласан. ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран ахмад дайчиддаа Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн одон тэмдгээр шагнасан.

-Одоогийн байдлаар нийт хэчнээн ахмад дайчин амьдарч байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт 1939, 1945 оны дайнд оролцсон 242 ахмад дайчид амьдарч байна. Үүнээс чөлөөлөх дайнд оролцсон 169 ахмад дайчин амьдарч байгаа. Тэдэнд хүндэтгэл үзүүлэх, амьдралд нь туслалцаа үзүүлэх зорилгоор дүүргүүдийн засаг даргын тамгын газар идэвхтэй ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД