Бизнес эрхлэгчид талархал илэрхийлэв

2015 оны 08 сарын 12

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас УИХ-ын гишүүдэд талархал илгээжээ. Тус талархалд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргасан нь бизнес эрхлэгчид талархан хүлээн авч байгааг дурдсан байна. Ингээд энэхүү талархалыг бүрэн эхээр нь хүргэе.

Талархал

Бидэнд одоо хуулиа хамтран хэрэгжүүлэх их ажил хүлээгдэж байна
УИХ-ын эрхэм түшээд саяхан ээлжит бус чуулганаараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргалаа. Ингэснээр Монгол Улсад санхүү, эдийн засгийн эрх чөлөөг шинээр олгож нийгэмд байсан хүлээлтийг тайлж, хямралд өртсөн үндэсний аж ахуй нэгжүүдээ том, жижиггүй дэмжсэн зөв үйлдэл боллоо хэмээн ажил хэрэгч хүмүүс, бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс талархан хүлээн авч байна.

Одоо Засгийн газрын зүгээс уг хуулийг хэрэгжүүлэх журмуудыг яаралтай гаргаж хэрэгжүүлэх, энэ талын сурталчилгаа мэдээллийг нийгэмд явуулах, бизнес эрхлэгчдийн хувьд хуулиар олгогдож буй хугацаанд санхүү бүртгэлээс аваад татвар төлөлт, тайлан балансаа нэгтгэн цэгцлэх ажлууд үлдээд байна.

Цаашлаад бидэнд Татварын багц хууль, Хөдөлмөрийн болон Эрүүгийн хуулиудад орох бизнес эрхлэлт болон бизнес эрхлэгчидтэй холбоотой, өнөөгийн амьдралд зөрчилдөж бизнес эрхлэх эрхийг хаан боогдуулж буй нэмэлт өөрчлөлтүүдийг тусгах явдал хүлээгдэж байна. Эдгээр хуулиуд шинэчлэгдэн гарснаар хувийн хэвшлийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд бизнесээ чөлөөтэй, таатай орчинд эрхлэх боломж улам бүр нээгдэж дараа дараагийн алхамууд болох татвар, санхүүгийн шинэчлэл хийгдэх зэрэг эдийн засгийн өөрчлөлтүүд явагдах юм.

Иймд  хууль тогтоогч, бодлого тодорхойлж шийдвэр гарган хэрэгжүүлэгч төр, засгийнханд хандахын учир нь бидэнд хууль эрх зүйн талын энэ нааштай алхамуудыг баталгаажуулан “Төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмаар амьдралд бодитоор хэрэгжүүлэх, хамтран ажиллах боломж нээгдээд байгааг энэ дашрамд хэлэхэд таатай байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД