С.Ундрах: Түр орлон гүйцэтгэгчийг төрийн захиргааны албан хаагчдаас томилох ёстой

2015 оны 08 сарын 12

"Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нь Засгийн газрын 2015 оны 166 тоот тогтоолын дагуу Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажилласан эхний өдрөө б/144-б/149 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг олноор нь чөлөөлж, томилгоо хийсэн. Үүнийг Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ талаар Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Ундрахаас цөөн асуултад хариулт авлаа.

-С.Эрдэнэ сайд хууль бус томилгоо хийгээгүй, хэнийг ч халаагүй гэсэн тайлбарыг өгсөн байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнөөдөр бид хэвлэлийн бага хурал хийх болсон шалтгаан нь ердөө хоёр зүйлийг л тодруулах гэсэн юм. Төрийн албаны хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоод, шалгалтандаа тэнцээд, өндөр оноо авч эрэмбэлэгдээд, холбогдох хуулийнхаа дагуу томилогдоод тангаргаа өргөчихсөн тохиолдолд яагаад хууль бус томилгоотой гэж үзээд байгаа юм бэ. Хоёрдугаарт, төрийн албаны нээлттэй сонгон шалгаруулалтад ороогүй, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүмүүсийг хууль ёсных хэмээн гаргаж ирээд байгаагийн цаад шалтгаан юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй байна.

Мөн С.Эрдэнэ сайд нэг ч хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй, томилоогүй гэж хэлж байгаа боловч С.Эрдэнэ сайдын тушаал 2013 оны нэгдүгээр сард Хөдөлмөрийн хэлтсийг байгуулагдаж байх үед түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан 16 хүнийг 2015 оны 145 дугаар тушаалаар эргүүлэн томилсон. Үүний дараа одоо ажиллаж байгаа хөдөлмөрийн хэлтсийн дарга нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм.

-Түр орлон гүйцэтгэгчийг хуулиндаа хэрхэн томилдог юм бэ?

-Түр орлон гүйцэтгэгчийг томилж буй эрх зүйн орчин нь өөрөө ямар ч үндэслэлгүй байгаа юм. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор түр орлон гүйцэтгэгчийг томилж ажиллуулах журам байгаа боловч тэрхүү журмын хүрээнд түр орлон гүйцэтгэгчийг төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдаас томилох ёстой. Тэрнээс биш төрийн албаны ямар нэгэн шалгалтанд ороогүй энгийн иргэдээс томилох эрх зүйн үндэслэл байхгүй.

-Цаашлаад ямар арга хэмжээг авсан бэ?

-Юуны өмнө эхлээд Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс бидний талд ашигтайгаар шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч бид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, цаашлаад иймэрхүү хэрэг дахин давтагдвал бусадтай нэгдэж, төр засагт өөрсдийн дуу хоолойгоо хүчтэй хүргэх болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД