ХАА-н салбарт шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх үйлчилгээг идэвхижүүлэх шаардлагатай гэв

2015 оны 08 сарын 12

Хүнс, хөдөө аж ахуйн яам, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран 2015-2017 онд “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд үйлдвэрлэгчдийн тогтвортой орлогыг бий болгох, техник, технологийн зөвлөгөө өгөх, сургалт, мэдээ мэдээллээр тогтмол хангах, үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн туршлагыг тохиромжтой бүс нутгуудад нэвтрүүлэх түүнчлэн мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, малчид, тариаланчдыг дэмжин, мэргэжлийн арга зүйгээр хангахад салбарын эрдэм шинжилгээний байгууллагыг татан оролцуулах, хамтран сургалт хийх зэрэг ажлуудыг хийх аж.

Мөн түүнчлэн гурван жилийн хугацаанд газар тариалан, мал аж ахуй, хүнсний чиглэлээр 20 гаруй сургалт хийж, 21 аймгийн 900 гаруй хүнийг хамруулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.

Дашрамд дурдахад, бага талбай, цөөн мал бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд га-гийн ургац, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, хуучин арга барил, хандлагаа өөрчлөх, сэтгэл зүйн өөрчлөлт хийх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулан, тэдэнд сургалт зохион байгуулж, үйлдвэрлэл дээр нь ажиллуулах, танилцуулах байдлаар явуулах нь зүйтэй гэдгийг шинжээчид хэлж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД