Д.Сүхжаргалмаа: Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гэдэг нь дэлхийд байхгүй нэр томъёо

2015 оны 08 сарын 11

Нийгэмд хүлээлт үүсгэсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль өнгөрсөн баасан гаригт батлагдсан. Гэтэл пПарламентэд суудалгүй найман намын төлөөлөгчид өнөөдөр буюу энэ сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Эдийн засгийн өршөөлийн хууль болоод ил тод байдлын тухай хуулийн талаар хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаагаас тодрууллаа.

-Ямар учир шалтгааны улмаас Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, ил тод байдлын тухай хуулийг эсэргүүцэж байгаа юм бэ?

-Энэ бол дэлхийд байхгүй нэр томъёолол юм. Үнэн хэрэгтээ үүнийг Татварын өршөөлийн хууль хэмээн нэрийддэг. Олон улсад энэхүү хуулийг хэрэгжүүлэхдээ нийгмийн шударга ёс, ёс суртахууныг баримталдаг. Учир нь татвар төлөхөөс зайлсхийсэн хүмүүсийг өршөөнө гэдэг нь түүний цаана байгаа хэдэн сая шударга татвар төлөгчдийг доромжилсон хэрэг юм. Цаашлаад татвар төлөхгүй байж болох юм байна, тэртээ тэргүй өршөөлийн хуульд хамрагдах болно гэсэн хүлээлтийг үүсгэдэг.

Энэ бол авилгачдын өөрсдийгөө хамгаалж, хулгайлсан хөрөнгөө ил болгож, хариуцлагаас мултарч, шийтгэлгүй үлдэх гэсэн арга юм. Үүний хариуцлагыг ард түмэн л нуруун дээрээ үүрдэг. 20 мянган төгрөг хулгайлсан иргэн таван жилийн ял сонсож байхад хэдэн тэрбум төгрөг хулгайлсан дээд албан тушаалтнууд ямар ч хариуцлага хүлээхгүйгээр мултрах гээд байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлнэ гэж байсан?

-Өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлах болсон шалтгаан нь үдээс өмнө Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг байнгын хороогоор хэлэлцэж, үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлах гэж байна. Тиймээс бид ард түмэнд мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хориг тавиулах шаардах хуудас хүргүүллээ.

-Тус шаардлагыг хүлээж авахгүй бол дараа нь ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэв бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна. Юуны өмнө хуулийн хүрээнд талбай дээр жагсаал хийж, шаардлага хүргүүлж, иргэдээ уриалж, Үндсэн хуулийн цэцэд хандана. Бүр болохгүй бол өлсгөлөн зарлах бодолтой байгаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.176.131 гайхах юм алга, дэлхийд байхгүй хөгийн хөгийн онигооны юмнууд манайд л байдаг биз дээ !?
202.131.225.141 энийг сайхан ойлгомжтойгоор ард түмэндээ тайлбарлаж өгөөч ээ. Ямар хууль юм, яах гээд байгаа юм, хэнд ашигтай юм. Ард түмэн чинь бас ухаантай юм чинь буруу хууль байвал та нартай нэгдэнэ шүү дээ. ойлгохгүй байгаа юм чинь яахаа ч мэдэхгүй шүү дээ
202.131.225.141 Tiin sh dee
  • 2015 оны 08 сарын 11