Азийн 35 улсын 250 гаруй тамирчид өрсөлдөнө

2015 оны 08 сарын 11

“Ulaanbaatar 2015” туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа талаар өнөөдөр Монголын туялзуур сэлэмний холбооноос мэдэгдлээ. Тус тэмцээнд Ази, Номхон далайн орнуудын 35 улсын 250 гаруй тамирчин оролцох бөгөөд тэмцээнд оролцох тамирчдын бүртгэл энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотноо анх удаа Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий Ассемблей болох бөгөөд энэхүү хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, хүндэт зочид оролцох аж.

Түүнчлэн тус тэмцээний ивээн тэтгэгчээр Баянгол зочид буудал, “Монгол контент” ХХК, “Старт Ап” компани оролцож байгаа бөгөөд хэвлэлийн бага хурлын үеэр тус байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болж өнгөрсөн юм.

Энэхүү хурлын үеэр Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр хэлэхдээ “Монголын туялзуур сэлэмний холбоо 2009 онд байгуулагдаж, энэхүү спортыг монголд нэвтрүүлэх, хүүхэд залуучуудыг тус спортоор дамжуулан эрүүл чийрэг өсгөх, цаашлаад дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргахаар зорьж ажиллаж байгаа юм. Бид ирэх сард туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болоод Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий Ассемблейг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Харин энэхүү тэмцээний зохион байгуулах эрхийг 2013 онд Тайландын Бангкок хотноо зохиогдсон Ерөнхий Ассемблейгаас авсан. Одоогийн байдлаар 220 гаруй сэлэмчин тэмцээнд оролцох мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд шүүгчдийн хувьд 16 улсын 19 шүүгч, техникийн ажилтнууд удирдан явуулах болно” гэсэн юм.

Түүнчлэн энэ үеэр туялзуур сэлмээр хичээллэх сонирхолтой 10-11-ээс дээш насны хүүхдүүдийг энэ сарын 15-ны өдрөөс ирэх аравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл бүртгэж байгаа юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД