Мөрөөдлийн ажил ба мөлжүүлсэн хөдөлмөр

2016 оны 03 сарын 29

Элчингийн гудамж гэгдэх хотын түргэний ойр хавиар алхваас хаа сайгүй бөөнөөрөө очерлосон хүмүүс, шонгийн модон дээр наасан “Гадаадад найдвартай ажилд зуучилна” гэдэг заруудыг олж харж болно. Хэдэн сарын өмнө нэг танил маань надаас ямар ч хамаагүй аргаар Солонгос явах урилга олоод өгөөч гэж гуйв “Аяллын визээр 3 сар яваад 5,6 сая төгрөг ч болсон олоод ирье” … Хэд хоногийн өмнө над руу залган “За Солонгос биш ч байсан яахав, ямар ч хамаагүй орон луу явуулаад өгөөч” гэж бачимдав.

Бид яагаад, ямар учраас гадаад улс руу ингэж улайран зүтгэх болов ? Мөнгө, мөнгө, мөнгө бас дахин мөнгө. Хамгийн том шалтгаан бол мөнгө гэдэг нь үнэн. Гэхдээ мөнгө та бидний амь нас, мөрөөдлөөс илүү үнэтэй юу ?

Энд бид Япон улс руу “Сувилагчийн сургуульд тэтгэлэгтэй” явах зуучлалд хамрагдан 4 сая гаруй төгрөг, цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохироод буцаж ирсэн 25 настай эмэгтэйн талаар өгүүлэх гэж байна /Энэ бол 2016 онд болсон бодит түүх бөгөөд түүний аюулгүй байдлын үүднээс зарим нэг нарийн мэдээллийг нууцлав/ Б бол өсвөр насны гэнэхэн хүүхэд байсангүй, тэр маш сайн Япон хэлтэй, мэргэжилтэй тогтсон гэр бүлтэй хүн билээ. Түүний мөрөөдлийн ажил бол сувилагч болох.

Тэр өөрийн Япон хэлтэй давуу талаа ашиглан Японд очиж суралцахаар мэр сэр сургууль хайдаг л байж. Гэтэл нэг өдөр түүний хүндэлж явдаг багш, итгэлтэй хүний зүгээс “Алтан боломж”-н талаар хэлж өгчээ. Тэр боломж бол Япон улсад очоод 3 жил тэтгэлгээр сувилагчийн сургуульд суралцан, тэр хугацаандаа эмнэлэгт дадлага хийн, сургуулиа төгссөний дараа дадлага хийж байсан эмнэлэгтээ өндөр цалинтай ажилд орох, бүх нөхцөл нь бараг л түүний мөрөөдөл байлаа.

Хамгийн гол нь итгэлтэй хүн санал болгож байгаа учир оролдоод үзэхээр шийджээ. Үлгэрийн юм шиг л хамаг зүйл хэдхэн хоногийн дотор бүтэж гар дээр нь тасалбар, виз, урилга бүх зүйл хүрээд ирж гэнэ./Сүүлийн үед ийм төрлийн гэмт хэрэг хамгийн түрүүнд онгоцны билетийг нь авч өгөөд хүнд илүү итгэл төрүүлдэг болсон/ Энэ явцад анх зуучлалын оффис гэж очсон газар нь “Бок саван зардаг дэлгүүр” байсан, зөндөө гоё зураг үзүүлэх мөртлөө эмнэлгийн нэр асуухад ерөөсөө хэлэхгүй цааргалаад байсан, ямар ч гэрээ хэлэлцээр хийхгүй тэр бүхнээ Японд очсоны дараа хийнэ гэх мэт сэжиглэм зүйлүүд олон байсныг ч нягталсангүй.

Тэр зүгээр л итгэж орхижээ. Хэт гэнэн, үнэмшилгүй мэт санагдаж болох ч энэ бол олон хүнд тохиолддог нийтлэг сул тал юм. Б Нагояад очиж өөр сургууьд орох гэж цуглуулж байсан бүх мөнгөө нэгэн бок саван зардаг компанид өгч орхиод Япон улсыг зорилоо. Түүнтэй хамт 4 охин хоёр залуу явсан ба Инчоны буудлаар дамжин Японы нэг жижигхэн бүүдгэр саарал хотод буужээ. Тэднийг нэг Япон залуу өөр нэг Монгол эмэгтэйтэй хамт тоссон ба та нарын дадлага хийх эмнэлэг гээд зэлүүд тосгонд байрлах нэг ахмадын асрамжийн газарт аваачаад хам хум арилж оджээ.

Ингээд л жинхэнэ төсөөлөөгүй бүрхэг өдрүүд эхлэсэн байна. Анх зурган дээр харуулж байсан өндөр байшин, чамин тансаг эмнэлэг болоод одоо тэдний харж буй өндөр настны асрамжийн газар хоёр хоорондоо тэнгэр газар шиг маш том ялгаатай байлаа. Эмнэлгийн өрөөнд хэд хонуулаад тэднийг ажилд нь оруулсан ба дийлэнхи хувь нь хөгжлийн бэрхшээлтэй ойролцоогоор 200 шахам тооны тэргэнцэртэй өвөө эмээ нарын памперсийг өдөрт 3 удаа сольж, баалгаж шээлгэн 2 удаа усанд оруулж, өглөөнөөс орой хүртэл борви бохисхийлгүй хүнд ажил хийлгэж эхлэжээ.

Б-н ярьснаар хүмүүсийн баас хувцас руу нь үсэрч, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс гэнэт цохиж аван, үснээс зулгаах нь энүүхэнд бөгөөд энэ бүх ажлыг ариун цэврийн бээлий өмсөлгүй хийх ёстой байсан нь хамгийн хэцүү санагджээ. Эрэгтэй хүмүүсийн бүх хувцсыг тайлан бэлэг эрхтэн, бөгс хөлийг нь хүртэл арчиж цэвэрлэх ёстой болсон нь түүний хүсэж мөрөөдсөн эх барих, эмэгтэйчүүдийн сувилах ажил биш байлаа. Мөн Япончууд болоод Филиппин Бангладешь ахлагч нар маш дээрэнгүй боол мэт харьцаж, аль ч газар байдаг “Чи зурагт харж байсан уу ?” гэх мэт утгагүй асуултуудаар завсар гарвал ёжлон доромжилж байсан байдаг.

Энд нэг тодруулах ёстой зүйл бол Япон болон гадны оронд өндөр настай хэвтрийн өвчтөнийг асрах ажил элбэг байдаг ба тус ажил хүнд хэлбэрийн хөдөлмөрт тооцогдож маш өндөр цалин авдаг юм. Харин Б болоод, түүнтэй хамт явсан Монголчууд хөдөлмөрийн хөлс авахгүйгээр тэтгэлэг нэрэн дор тус ажлыг дуулгавартай хийж тэднийг зуучилсан хүмүүс дундаас нь тэдний “Хөдөлмөрийг мөлжиж” ашиг олдог байх магадлал маш өндөр юм. Манайхны тэтгэлэг л гэхээр хамаг нөхцлийг зөвшөөрч орхидог мэдээлэлгүй сул талыг чадварлаг ашигласан мэт.

Ингээд анх тохиролцсон зүйлс болон бодит нөхцөл байдал хэтэрхий ялгаатай байсан учраас Б өөрийн хэлний мэдлэгийг ашиглан удаа дараа заргалдаж асуудал үүсгэсээр байгаад эх орондоо буцаж ирсэн бөгөөд цаг хугацаа, зуучлалын хөлс багагүй мөнгөөр хохирчээ. Б-д бас ч гэж буух газар, буцах хаяг, ажил мэргэжил хамгийн гол нь гэр бүл байсан аж. Харин түүнтэй хамт очсон Монголчууд буцаад ирсэн ч өр зээл тавиад наашаа хүрээд ирсэн, ажил мэргэжил байхгүй учир хэлсэн бүхнийг нь хийхээс аргагүй нөхцөл байдалд үлдсэн байдаг.

Түүний мөрөөдөл эх барих, эмэгтэйчүүдийн сувилагч болох байснаас биш өөрийнх нь Японд очоод харж, туулсан амьдрал биш байжээ. Түүнтэй хамт зуучлагдан ирсэн нэг охин анх тэр бок савангийн компанид сурталчилгааны ажил хийхээр очсон бөгөөд түүнийг “Чи сурталчилгааны ажил хийж байснаас Японд очиж тэтгэлгээр сурч ажилла” хэмээн ятган явуулсан байдаг. Гэтэл одоо Монгол улсад яг тэр ажил дээр 600 гаруй хүмүүс очерлон арлын Японыг “Мөрөөдөн” суугаа гэсэн мэдээлэл байна.

Зөвхөн энэ төрлийн зуучлалаар мөрөөдлийн гадаад улсыг зүүдлэж суугаа 600 хүн, Эрээн хотод өндөр цалинтай ажилд орохоор горилогч мэргэжилгүй хэдэн зуун эмэгтэйчүүд, мөн Хөх хот Хятадын жижиг тосгонд гоо сайхны 100 хувийн тэтгэлэгтэй сургуульд сурахаар зэхэж байгаа хэдэн мянган охидууд, гэнэт нэг “Бирд” гарч ирэн түүний хүсэж мөрөөдөж байгаа бүхнийг өөрт нь амлаад байх үлгэрийн мэт сэрүүн зүүдэнд итгэгсдэд хандан энэ сэрэмжлүүлэг нийтлэлийг бичиж байна.

Бидний амьдрал, цаг хугацаа, мөрөөдөл бүхэн үнэ цэнэтэй. Б бол миний л харснаар хэл устай, мэргэжил боловсролтой бас баргийн ийм асуудалд хохирогч болчихоор эмэгтэй биш бөгөөд “Тэр хүртэл” хууртагдаж байхад 19,20 настай өсвөр насны хүүхдүүд, орон нутгаас шилжиж ирсэн гэнэн итгэмтгий оюутнууд “Хөдөлмөрийн мөлжигчид”-н хамгийн том бай болох магадлалтай юм байна гэсэн эмзэглэл байна.

Эцэст нь хэлэхэд сүүлийн үед англи хэлний сургалтын төв, ажилд зуучлах зар, тэтгэлэг нэрээр “Залилан” хийх хүмүүс маш олон болж байна. Эдийн засаг хямрах тусам хүмүүс үл итгэм зүйлд итгэх нь олширч байна. Хамгийн хоржоонтой нь маш сайн гэрээ үйлдэж зуучлаж байгаа газрууд хүртэл гэрээний заалтаар тоглон луйвар хийж байгаа юм. Жишээ нь ийм тийм аралд мөрөөдлийн англи хэлний курст явуулна.

Очоод харахаар байр гэж нэг амбаар, сургууль гэж нэг амбаар, хоол гэж угаадас, англи хэлний багш нь Умба тумба English хэлээр ярьдаг. 15 сая төгрөгөө салхинд хийсгэчихээд эргэж ирээд заргалдахаар гэрээний бүх заалт нь байгаагүй биш байсан байдаг. Багш байсан уу байсан, байр байсан уу байсан, хоол байсан уу байсан, сургууль байсан уу байсан тэгтэл яасан “Чи өөрөө л нөхцөлөө голсон байнашд !!!” … Өөрийнхөө төлөө, өөртөө хариуцлагатай амьдарцгаая ! Ямар ч сайхан зүйл маш хямдхан өртгөөр, амархан ирдэггүйг санацгаая !

Лантуун дохио ТББ
Ч.Ганжавхлан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.207 явах гэж байгаа газрынхаа гадаад харилцаагаар шалгуулж болдоггүй юм байхдаа.Яагаад ингээд луувирдуулаад байхыг нь зүгээр хараад суугаад байдаг юм бэ?
202.179.16.219 残酷
103.229.123.170 unuudur hurtel tv geer naad zar chin yavj l bn le.bi ch bas zaluu humuus yavdag l gazar bn da gej bodoj baisiin.ish ene hedhen mongolchuud maani dotroosoo l uursdiiguu zalilan mehelj amidralaar ni togloj bn shu de.heleh ch ug alga da uur.
126.236.87.99 Hezee bolson yavdal yum bol doo. Iimerhuu ajil ug n heltei buh hun l uchir nachriig n meddeg sht. Geendee ch goondoo ch baidag baih oo. Yapon geheer l manaihan divaajin tusuulj, helj yarisan tailbariig sonsolgui sonsson ch toodoggui n unen
126.184.154.124 heleed yu geh vee mongolchuud min hetsuu bgach bitii bie bienee zalilaachdee
202.9.41.1 Mongol yamar hetsu bga bilee dee hudaldan avah chadavargui,unuu margaasha arai hiij argatsaaj bn,medeej iim bhad humuus bugd garahiig l husej bga shu de,
103.242.47.146 Харамсалтай байна. Нэгэнт ийм эрэлт нийгэмд маш их байгаа тул Засгийн газар, Хөдөлмөрийн Яам бусад улс орнуудад хөдөлмөр эрхлүүлэх талаар санаачлагатай, идвэхтэй ажилмаар байна. Эндээс явж байгаа хүмүүстээ сургалт хийгээд ирээд ямар ажил эрхэлж байсан талаараа нутагтаа үйлдвэрлэл эрхлэх талаар туршлага суулгахаар захиад санхүүгийн эх үүсвэр, ажлын туршилга, тоног төхөөрмжийн судалгааг хийлгүүлмээр байна. Явсан хүмүүсийг харь оронд насаараа үлдэнэ гэж бодохгүй байна. Нэгэнт эх орон, эцэг эх, ахан дүүс нь байгаа болохоор, хэрэв тэгэж хардвал энд байгаа хүмүүсээр нь батлан даалт гаргуулаад хөдөлмөр эрхлүүлэх хэрэгтэй. Бидэнд нэгэнт ид ажиллах нас, боломж байхад гаднаас валют босгуулах боломж байна, энд ажилгүй архидах, унтах, нэгнээ муулахаас хамаагүй дээр гэж бодном. Энэ талаар санал асуулга явуулах ажил зохиох хэрэгтэй байна

Ч.Ганжавхлан

Ганжавхлан. Ч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 он Солонгос улсын Dankook-н их сургуулийн хэлний бэлтгэлд, 2007 он Бээжин хотын төв санхүү эдийн засгийн дээд сургуульд, 2009 он Сингапур улсад хэлний бэлтгэлд, 2011 он АНУ-н Virginia мужийн Arlington хотын Lado International College сургуульд, 2012 он Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн MBA мастерт тус тус суралцсан. Олон нийтийн ажил: 2010 он Бээжин хотын МОХ-ны сургалтын албаны дарга 2010 он “Би жирийн нэг Монгол залуу” ном 2011 он “Нэг хуудас цагаан цаас” илтгэл /БНХАУ-н Элчин сайдын яам/ 2012 он “Бүгдээрээ дулаахан өвөлжье” сайн үйлсийн аян санаачлан зохион байгуулж “Хамтын халуун сэтгэл” залуусын нэгдлийг эхлүүлсэн 2012 он “Хүний наймаа”-ны эсрэг тэмцэл өрнүүлсэн 2012 он Сайн дурын байгууллагуудын нэгдсэн сүлжээнээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөлөл болж “Оны шилдэг залуу сайн дурын ажилтан” шагнал 2012 он “Оны шилдэг сайн үйлстэн” номинацид “Бүгдээрээ дулаахан өвөлжье” аянаар шалгарсан 2012 он СЭЗДС-н Манлайлагч оюутан 2013 он “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулсан 2013 он “Боорцог ба Сарнай” номоо албан ёсоор нээсэн